Ачаалж байна…
Ачаалж байна…
Б Батчимэг
chimeglen87@gmail.com

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар баталсан 2027 оны улсын төсөвд 119.2 тэрбум төгрөгийн 44 төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхээр тусгажээ.
Үүнд, Өвөрхангай аймгийг Шивээхүрэнгийн боомттой холбох зорилтын хүрээнд эхлүүлсэн Арвайхээр-Богд чиглэлийн 170 км замын ажлыг 7.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр үргэлжлүүлэх бол Бүрд, Өлзийт сум, Баянтээгийн нүүрсний уурхайг улсын чанартай авто замд засмалаар холбох ажлыг ирэх онд эхлүүлнэ.
Мөн хоёр сумын төвд 2.5 км авто зам, Орхон, Хавцгайт голд гүүр барих, долоон сумыг инженерийн шугам сүлжээтэй болгох, Арвайхээр суманд барьж буй дулааны станцын II хэлхээний шугам сүлжээний ажлыг үргэлжүүлэхээр төсвийг батлаад байна.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдэд стандарт үйлчилгээг хүргэхийн тулд Арвайхээр суманд Төрийн архив, үйлчилгээний нэгдсэн төв, Бүсийн шүүх шинжилгээний төв, Гал түймэр унтраах, аврах анги, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг шинэ барилгатай болгож, УЦУОШГ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгыг ашиглалтад оруулах юм.
Томоохон мега төслүүдээс говийн бүсийн усан хангамжийг сайжруулах “Онги-Цагаан бургастай” төсөлд 17.1 тэрбум төгрөг төсөвлөсөн бол шинэ Хархорум хотын хөгжлийн төлөвлөгөө, эхний ээлжийн барилгын төсөл, инженерийн шугам сүлжээ, авто замын ажилд 4.5 тэрбум төгрөг баталжээ.