Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутагт орших Бүрэн хайрхан уулыг нутгийн иргэд эртнээс тахин шүтэж иржээ.
Бүрэн хайрханы нэр үүссэн тухай нутгийн аман домог бий. Уг домогт Хатанбаатар Магсаржав цэргүүдийн хамт явж байхдаа тус ууланд хүрч, цэргүүдээ тоолоход нэг нь ч дуталгүй бүрэн байсан тул “Бүрэн байна” хэмээн хэлснээс уулыг Бүрэн хайрхан гэж нэрлэх болсон хэмээн өгүүлдэг.
Нутгийн иргэдийн шүтээн болсон Бүрэн хайрхан уулыг Монгол Улсын тахилга, шүтлэгт газрын бүртгэлд 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд бүртгэжээ.

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт оршдог Бүрэн хайрхан уул нь Монгол Алтайн уулархаг бүсийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Жаргалан сум нь аймгийн төв Алтай хотоос 80 км, нийслэл Улаанбаатар хотоос 1130 км зайд оршдог бөгөөд Бүрэн баг нь сумын төвөөс зүүн хойш 28 км-т байрладаг.
Жаргалан сумын нутаг уул нуруу, голын хөндий, говь, хээрийн тогтоц хосолсон байгалийн өвөрмөц төрхтэй. Тус нутагт Монголын Их элс, Завхан голын хөндий, Хасагт хайрханы уулс зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд бий.
Ийнхүү Бүрэн хайрхан уул нь байгалийн үзэсгэлэнгээс гадна нутгийн түүх, домог, шүтлэг бишрэлийг хадгалан үлджээ.