Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол ноолуурыг дэлхийд таниулж яваа 45 жилийн түүхт “Говь” хувьцаат компани БНСУ-ын Forbes Korea сэтгүүлийн “Хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн №1 премиум брэнд” шагналыг хүртсэн Монголын анхны брэнд боллоо.
Монголын цагаан алт гэгддэг нарийн, зөөлөн ноолуураар урласан “Говь” брэндийн бүтээгдэхүүн хөнгөн атлаа дулаан, улирлаас үл хамааран удаан хугацаанд өмсөх боломжтой чанараараа олон улсын хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр ирсний илэрхийлэл нь энэхүү шагнал аж.
1981 онд Улаанбаатар хотод байгуулсан “Говь” нь 100 хувь монгол ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэнд юм. Тус компани хаврын улиралд малчдын гараар самнан бэлтгэсэн түүхий ноолуурыг зуучлагчгүй шууд худалдан авч, Монгол Улсын нийт ноолуурын үйлдвэрлэлийн хамгийн чанартай таван хувийг сонгон ашигладаг байна. Ноолуур ээрэх, сүлжих, нэхэх, оёх, эцсийн боловсруулалт хийх зэрэг үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг Улаанбаатар хот дахь өөрийн үйлдвэрт гүйцэтгэдэг бөгөөд ингэснээр түүхий эдийн гарал үүсэл, үйлдвэрлэлийн явцыг эхнээс нь дуустал нэгдсэн хяналтад байлгадаг ажээ. Энэхүү үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоо нь “Говь” брэндийн бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах гол үндэс болдог юм байна.
Тус компани ISO 9001, ISO 14001, ISO 45001 болон OEKO-TEX STANDARD 100 зэрэг олон улсын стандартын гэрчилгээтэй. Тэд 2017 онд БНСУ-ын телевизийн худалдааны сувгаар бүтээгдэхүүнээ анх танилцуулж, 2025 онд тус улсад “Gobi Cashmere Korea” компаниа байгуулжээ. Мөн албан ёсны цахим худалдааны сувгаа шууд ажиллуулж, бүтээгдэхүүний жинхэнэ эсэхийг баталгаажуулахын зэрэгцээ материалын найрлага, гарал үүслийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд нэгдсэн байдлаар хүргэдэг байна. Түүхий эдийн сонголтоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулалтын дараах мэдээллээр хангах хүртэлх бүх үйл явцыг өөрөө хариуцдаг энэхүү тогтолцоо нь “Говь” брэндийн 45 жилийн турш бүрдүүлсэн хэрэглэгчдийн итгэл, өрсөлдөх чадварын гол давуу тал юм.

