Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийнхан Японы Шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтран амбулаторийн үзлэг, мэс засал болон эмч нарт зориулсан сургалт зохион байгуулжээ.
Тус үйл ажиллагаа нь хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хүүхдийн тавхайн төрөлхийн болон олдмол согогийн оношилгоо, эмчилгээний чанарыг дээшлүүлэх, олон улсын мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах зорилготой аж. Амбулаторийн хамтарсан үзлэгт 18 хүртэлх насны нийт 10 хүүхдийг хамруулан тавхайн анатоми болон үйл ажиллагааны байдлыг нарийвчлан үнэлсэн байна. Эмч нарын багаас согогийн онцлог, цаашдын эмчилгээ, нөхөн сэргээх тактикийн талаар зөвлөлдөж, өвчтөн тус бүрийн онош, нас, эмчилгээний шийдвэрийг баталгаажуулжээ.
Түүнчлэн хүнд хэлбэрийн согогтой дөрвөн өвчтөнд мэс засал хийв. Ингэхдээ төрөлхийн хоёр талын доод мөчдийн эпифизиодисплази согог, төрөлхийн доод мөчдийн татанхай саажилттай хоёр талыг хамарсан hallux valgus, төрөлхийн хүнд хэлбэрийн хавтгай тавхай, төрөлхийн зүүн шилбэний хуурамч үе үүссэн согог зэргийг мэс заслаар эмчилсэн байна. Үүнээс гадна хүүхдийн тавхайн эмгэгийн оношилгоо, мэс заслын өмнөх ба дараах менежмент, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр онол, практик хосолсон сургалт, тохиолдлын хэлэлцүүлэг хийлээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдийн тавхайн согогийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, мэс заслын туршлага солилцох, эмч мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх болон мэс заслын дараах хяналт, нөхөн сэргээх эмчилгээний уялдааг сайжруулахад өндөр ач холбогдолтой.






