Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Их Монгол улсын дипломат бодлогын түүхэн туршлага, олон улсын харилцаа, эрх зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг өнөөгийн Монгол Улсын гадаад бодлоготой холбон судлах “Их Монгол улсын дипломат бодлого: Түүх, орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр боллоо.
Энэхүү хурал нь XIII зууны Монголын дипломат харилцааны түүхэн туршлагыг өнөөгийн гадаад бодлоготой холбон судлах, Монголын дипломат сэтгэлгээ, харилцааны уламжлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэх боломжийг бүрдүүлж буй ажээ. Мөн хоёр их гүрний дунд орших Монгол Улсын гадаад бодлогын онцлог, түүхэн сургамжийг залуу үед таниулж, өнөөгийн болон ирээдүйн гадаад бодлогын талаарх олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой юм.
XIII зуунд Чингис хааны удирдлага дор байгуулагдсан Монголын эзэнт гүрэн өргөн уудам нутаг дэвсгэрт худалдаа, харилцаа холбоог өргөжүүлж, улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Түүхэнд “Монголын их амар амгалан” хэмээн нэрлэгддэг энэ үеийн энх тайван, тогтвортой байдлыг бүрдүүлэхэд монголчуудын гадаад харилцаа, дипломат бодлого ямар үүрэг гүйцэтгэснийг судлах нь чухал гэж судлаачид үзэж байна.
Түүнчлэн олон үндэстэн, ястан, шашин шүтлэг, соёл иргэншлийг нэгтгэсэн эзэнт гүрний хэмжээнд зөрчил маргааныг зохицуулах, харилцан ойлголцлыг бий болгох, энх амгаланг хангахад ямар арга барил, зарчим баримталж байсныг дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн судлаач илтгэлдээ хөндөн, судалгааныхаа үр дүнг хуваалцлаа.
Хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, "Монгол Улсын гадаад бодлогод буддын шашин, түүнд суурилсан монголчуудын сэтгэлгээ ямар нөлөө, тусгал үзүүлж ирснийг буюу бид өөрсдийн сэтгэлгээ, үнэт зүйл, тэдгээрийн гадаад бодлогод үзүүлж буй нөлөөг танин мэдэх нь чухал юм. Монгол Улсын гадаад бодлогын олон санаачилгын цаана суурь ойлголтууд бий. Жишээлбэл, Монгол Улс хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцаа хөгжүүлэх зарчмыг баримталж ирсэн нь зөвхөн улс төрийн логик, прагматик тооцооллоор тайлбарлагдах зүйл биш гэж бодож байна. Үүний цаана бидний соёл иргэншил, үнэт зүйл, сэтгэлгээний уламжлалтай холбоотой гүн гүнзгий үндэс бий. Өөрөөр хэлбэл, соёл иргэншлээс улбаатай, бидний тэр бүр анзаардаггүй сэтгэлгээний хэв маяг өнөөдөр ч бидний үйлдэл, шийдвэр, бодлогод нөлөөлсөөр байна. Мөн энх тайвны төлөөх Монгол Улсын санаачилгуудыг авч үзэхэд ч энэ асуудал анхаарал татдаг. Тухайлбал, социализмын үед ч Монгол Улс энх тайвны төлөөх санаачилга, байр сууриа илэрхийлж ирсэн. Зэвсэг хураах, цөмийн зэвсгийн эсрэг чиглэсэн манай бодлого, улмаар ардчилсан нийгэмд шилжсэн үеэс дэвшүүлсэн Монгол Улсын газар нутгийг цөмийн зэвсгээс ангид байлгах санаачилга зэрэг юм. Эдгээр санаачилгын цаана энх тайвныг эрхэмлэсэн, амар амгаланг чухалчилсан буддын шашны үзэл санаа тодорхой хэмжээгээр тусгалаа олсон байж болно" хэмээн илтгэлдээ дурдаж байлаа.
МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн профессор Ж.Баттогтох, "Шинжлэх ухаан бол нийгмийн хөгжлийг үе шат бүрээр нь харуулдаг үзэгдэл юм. Тиймээс Чингис хаан олон улсын эрх зүйн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэж судлаачийн хувьд би үздэг" хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, "Дайны эрх зүй, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, дипломат болон консулын харилцаа, гэрээний эрх зүй зэрэг олон улсын эрх зүйн салбарын хөгжлийг авч үзэж болно. Чингис хааны үед бүрэлдэн тогтсон засаг захиргааны тогтолцоо, бусад улс оронтой харилцах харилцааны зарчим, хэм хэмжээ нь тухайн үеийн олон улсын харилцаанд тодорхой нөлөө үзүүлж байсан. Улмаар улс орнууд өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн зарим хэм хэмжээг авч хэрэгжүүлж, хөгжүүлсээр ирсэн. Энэ утгаараа олон улсын эрх зүйн тодорхой салбарын хөгжилд Монголын эзэнт гүрний оруулсан хувь нэмэр ихээхэн ач холбогдолтой. Монголчууд олон улсын эрх зүйн тодорхой асуудал, салбаруудад хувь нэмэр оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ “Монголчууд олон улсын эрх зүйг бүхэлд нь бий болгосон” гэх мэт өрөөсгөл ойлголтоос зайлсхийх хэрэгтэй. Энэ талаар бодитой үнэлэлт, дүгнэлт өгөхийг илтгэлдээ зорьсон" гэв.
Их Засаг хуулийн зарим зохицуулалтыг бусад улс орон өөрсдийн нөхцөлд тохируулан авч хэрэгжүүлсэн байж болох аж. Олон улсын эрх зүй бие даасан тогтолцоо болон төлөвшиж, системчлэгдэх үйл явцад улс орон бүр өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан байна. Тиймээс Монголын эзэнт гүрэн олон улсын эрх зүйн тодорхой салбар, хэм хэмжээний хөгжилд ямар хувь нэмэр оруулсныг бусад улс орон, түүхэн үйл явцын оролцоотой нь хамтатган авч үзэж, бодитой үнэлэх нь зүйтэй гэж үзэж судлаачид үзэж байна.
МУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн багш, дэд профессор
Ж. Баттөр илтгэлдээ, "Чингис
хааны амьдралыг авч үзвэл тэрбээр бага наснаасаа эхлэн олон сорилт, хямралтай
тулгарч, тэдгээрийг даван туулсан түүхтэй. Энэ удаагийн илтгэлдээ түүний
амьдралд тохиолдсон хямралыг гурван түвшинд авч үзэж байна. Нэгдүгээрт, гэр
бүлийн хүрээнд үүссэн хямрал, хоёрдугаарт, улс орноо байгуулж, төр улсаа
бэхжүүлэх явцад тулгарсан хямрал, гуравдугаарт, олон улсын тавцанд гарч ирэх
үед үүссэн хямрал юм. Хямрал судлалын үүднээс авч үзвэл хямралыг хувь хүн,
байгууллага, улс орны түвшинд ангилан судалж болно. Энэ хүрээнд Чингис хааны
гэр бүлийн амьдралд тохиолдсон нэгэн маргаантай асуудал болох ууган хүү Зүчийн
залгамжлалын асуудлыг авч үзэх нь зүйтэй. Зүчи бол Чингис хаан, Бөртэ үжин
нарын ууган хүү юм. Бөртэ үжин мэргидүүдэд олзлогдож, хожим буцаж ирэх үедээ
жирэмсэн байсан гэх түүхэн үйл явдлаас үүдэн Зүчийн гарал үүслийн талаар
маргаан өрнөж ирсэн байдаг. Энэ асуудал хожим Чингис хааны гэр бүлийн дотоод
харилцаа, хаан ширээ залгамжлах асуудалтай холбогдон хүндхэн сорилт болжээ. Чингис
хаан аян дайнд мордохын өмнө өөрийнх нь амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл
байдлыг тооцож, дараагийн хааныг тодруулах шаардлагатай гэж үзсэн байна. Ингээд
хөвгүүд болон ойр дотнын хүмүүсээ оролцуулан энэ асуудлыг хэлэлцсэн" хэмээв.
Цаашид тус хурлыг “Чингис хаан” үндэсний музей болон бусад байгууллагатай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр XIII зууны Монголын дипломат харилцаа, улс төр, шашин, соёлын бодлогыг олон талаас нь гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний үр дүнг хэлэлцэн дэлгэрүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн хурлын илтгэлүүдийг олон улсын харилцаа, түүх, эрх зүйн чиглэлийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эрхлэн хэвлэдэг “Брилл” олон улсын хэвлэлийн тусгай дугаарт нийтлэхээр болжээ.


