Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
СӨҮЛ, 2026 оны аравдугаар сарын 30 /NHK/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён дөрвөн жилийн өмнө Сөүл хотод олон хүний амь насыг авч одсон шахцалдааны шалтгааныг бүрэн тогтоож, аливаа эргэлзээ тээнэгэлзээг тайлж, ийм эмгэнэлт явдал дахин давтагдахаас сэргийлэхээ амлажээ.
2022 оны аравдугаар сарын 29-нд Сөүлийн Итэвон дүүрэгт “сүнсний баярыг” /Halloween/ тэмдэглэхээр цугларсан залуус голдуу олон хүн нарийн гудамжинд шахцалдсаны улмаас 160 хүн амиа алдсан эмгэнэлт явдал болсон юм.
Эмгэнэлт явдлын үеэр амиа алдсан хүмүүсийг дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг пүрэв гарагт Сөүл хотын төвд Засгийн газар болон бусад байгууллагаас хамтран зохион байгуулж, хохирогчдын гэр бүлийнхэн зэрэг 1000 орчим хүн оролцсон байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён "болсон явдлын талаарх бүх эргэлзээг арилгах хүртэл үнэнийг тогтоож", гарсан дүгнэлтэд үндэслэн ийм эмгэнэлт явдал дахин гарахаас сэргийлнэ гэж мэдэгдсэн байна. Тэрбээр ослын шалтгааныг тогтоох үүрэг бүхий шинжээчдээс бүрдсэн тусгай мөрдөн шалгах комисс ажиллаж байгааг онцолжээ.
Тус комиссоос мягмар гарагт танилцуулсан урьдчилсан тайланд дурдсанаар, олон хүн нэг дор бөөгнөрч, шахцалдах аюултай нөхцөл үүсэж болзошгүй талаар олон удаа анхааруулж байсан хэдий ч цагдаа болон аврах багийнхан шуурхай арга хэмжээ аваагүй байна.