Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир АНУ-ын Вашингтон хотын орчим, Арлингтон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн удирдлага, багш нартай уулзаж, санал солилцлоо.
Боловсролын яамны мэдээлснээр, тус сургууль нь өдгөө 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба жил бүр 70-75 монгол хүүхдэд эх хэл, түүх, соёл, ёс заншлаа өвлөн эзэмших боломж олгож байна. Сурагчид монгол хэл, түүхээс гадна үндэсний хөгжим, бүжгийн хичээл судалж, сургалтыг долоо хоногт нэг өдөр, дөрвөн цагаар зохион байгуулдаг аж.
Сургуулийн онцлог нь долоон багш тус бүр нэг анги хариуцан ажиллаж, хүүхдүүдийн монгол хэлний мэдлэг, чадварын ялгаатай түвшнийг харгалзан холимог бүлгийн сургалтын арга зүйгээр хичээллэдэг юм. Мөн багш нар сургалтын хэрэглэгдэхүүнээ бие даан боловсруулж, хүүхдүүдийн суралцах онцлогт тохируулан сургалтаа явуулдаг байна.
Тус сургууль нь зөвхөн монгол хүүхдүүдэд эх хэл, түүх, соёлыг нь өвлүүлэн уламжлах боловсролын байгууллага төдийгүй хилийн чанадад амьдарч буй монгол гэр бүлийг нэгтгэсэн хамтын нийгэмлэгийн чухал төв болон хөгжжээ. Энэ нь гадаадад өсөж торниж буй хүүхдүүдийн үндэсний үнэт зүйл, монгол хүн гэдгээрээ бахархах үзэл, эх оронтойгоо тогтоох холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Уулзалтын үеэр сургуулийн удирдлага, багш нар хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулсан эх хэл, түүх, соёлын сургалтын хөтөлбөр, арга зүй, хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, багш нарт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургуулийн үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоог сайжруулах талаар саналаа илэрхийллээ.



ӨМНӨГОВЬ: Хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих “баяртай-3” төсөл өмнөговь аймагт хэрэгжинэ
Улс төр
БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
БАЯНХОНГОР
БАЯНХОНГОР: "Эрх тэгш" сэдэвт сургалт, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа