Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ХОНКОНГ, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөний идэвхтэн гэдгээр олон улсад танигдсан Жошуа Вонг Хятадын засаг захиргааны тус тусгай бүсийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчин гадаадын хүчинтэй хуйвалдсан хэрэгт буруутгагдаж, пүрэв гарагт буюу өнөөдөр 10 жил хоригдох ял сонсжээ.
Жошуа Вонг бол Азийн санхүүгийн төв болох Хонконгт заримдаа хүчирхийлэл дагуулсан эсэргүүцлийн томоохон жагсаал цуглаан өрнөсний дараа Бээжингийн эрх баригчид 2020 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай өргөн хүрээтэй хуулиар үйл ажиллагаа нь үндсэндээ хориглогдсон залуусын нэг юм.
“Ял шийтгэл үйлдсэн хүнд хэрэгт тохирсон байх ёстой” гэж Дээд шүүхийн шүүгч Уильям Там ял оноох үеэрээ мэдэгдсэн байна. Түүний оноосон ял нь энэхүү хуулиар оноож болох хамгийн дээд ял болох бүх насаар нь хорих ялаас хөнгөн шийтгэл байлаа.
Одоо 30 настай Вонг нь гадаадад дүрвэн амьдарч буй идэвхтэн Натан Лоу болон бусад хүмүүсийн хамтаар гадаадын улс орон, байгууллага, хувь хүмүүсийг Хятадын засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авах, бүслэлт зохион байгуулах, эсвэл дайсагнасан бусад үйлдэл хийхийг уриалсан хэрэгт буруутгагджээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард уг хэрэгт буруутай гэдгээ хүлээжээ.
Хонконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Вонг болон бусад идэвхтний хэргийг олон улсын хүний эрхийн байгууллагууд, мөн барууны болон Азийн зарим улс анхааралтай ажиглаж байна.
Бээжинг хамгийн хурцаар шүүмжлэгчдийн нэг, Хонконгийн хэвлэл мэдээллийн магнат Жимми Лай өнгөрсөн хоёрдугаар сард гадаадын хүчинтэй хуйвалдсан, үймээн самуун дэгдээсэн хэрэгт буруутгагдан 20 жил хоригдох ял сонссон юм. Түүний шүүх хурал олон улсын хэмжээнд шүүмжлэл дагуулсан билээ.