Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Лионел Лорон тэргүүтэй ажлын баг энэ сарын 9-нд Ховд аймгийн Засаг даргатай уулзлаа.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, боломжит түншлэл, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
Аймгийн Засаг дарга М.Амарсанаа төсөл, хөтөлбөрүүд орон нутагт үр дүнтэй хэрэгжиж байгааг онцлоод, цаашид аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, агаарын бохирдлыг бууруулах зэрэг иргэдийн амьдрах орчин, амьдралын чанарыг сайжруулах, орон нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц болох чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Ажлын багийнхан аймгийн Засаг даргатай уулзсаны дараа төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, орон нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцлоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улстай 2028-2032 онд хамтран ажиллах дунд хугацааны баримт бичгийг боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд энэ удаагийн уулзалтыг зохион байгуулснаараа онцлогтой.

