Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 17 суманд аялал жуулчлалын чиглэлээр 70 орчим аж ахуйн нэгж, компани, зочид буудал, жуулчны бааз, амралт сувилал, нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна.
Аялагч, жуулчдад зориулан эдгээр байгууллагын байршил, холбоо барих утас болон бусад мэдээллийг нэгтгэсэн цахим лавлах номыг боловсруулжээ. Тус лавлахын зарим мэдээллийг өнгөрсөн долоо хоногт шинэчилсэн бөгөөд Ховд аймагт аялах, амрахаар төлөвлөж буй иргэд хэрэгцээт мэдээллээ шуурхай авах боломж бүрдсэн байна.
Цахим лавлахыг khovd-accom-tourism.netlify.app холбоосоор үзэх боломжтой. Мөн Аялал жуулчлалын мэдээллийн төвөөс аялагч, жуулчдад шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргэж байна.
Өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 19.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус төвийн байрыг ашиглалтад оруулж, аялагч, жуулчдад мэдээллийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Ховд аймаг он гарсаар 42 мянга гаруй дотоод, гадаадын аялагч, жуулчин хүлээн авч, байгалийн болон соёлын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлсэн байна.
Харин Аялал жуулчлалын мэдээллийн төвөөр үйлчлүүлсэн жуулчдын 80 гаруй хувийг дотоодын аялагч эзэлж байгаа бол гадаадын жуулчдын урсгал наймдугаар сард хамгийн өндөр байжээ. Тус төвөөр ОХУ, АНУ, БНХАУ болон бусад улсын жуулчид үйлчлүүлсэн байна.