Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын дурсгалын нэг нь Баянбулаг багийн хүн чулуун хөшөө юм.
Тус хөшөө нь Баянбулаг багийн төвөөс баруун хойд зүгт 500 метр орчим зайд, далайн түвшнээс дээш 1560 метрийн өндөрт байрладаг.
Хүн чулуун хөшөөг 3.7х2.8 метр хэмжээтэй хашлага дотор босгосон байна. Хөшөөнд баруун гараа энгэртээ авч, ямар нэгэн зүйл барьсан байдлаар дүрсэлжээ. Харин зүүн гарын бүсэлхий орчимд сэлэм дүрсэлсэн бөгөөд зүүн чихэндээ ээмэгтэй байна.
Хөшөөний нүүр, баруун чихний хэсэг ховхорч унасан, толгой нь хугарсан хэдий ч дүрслэл, хийцийн зарим онцлог нь хадгалагдан үлджээ.
Уг хүн чулуун хөшөөний өндөр 121 см, өргөн 37 см, зузаан 21 см бөгөөд он цагийн хувьд Түрэгийн үед холбогдоно.
Ховд сум нь Улаанбаатар хотоос 1500 гаруй, Ховд аймгийн төвөөс 45 км зайд оршдог.
Ташрамд, Ховд аймгийн нутаг дэвсгэрт 60 гаруй хүн чулуун хөшөө байдаг. Эдгээр нь эртний нүүдэлчдийн түүх, соёл, урлахуйн уламжлалыг илтгэх археологийн дурсгалууд юм.