Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдад ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж, элсэлтийн нөхцөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалтыг энэ сарын 9-нөөс эхлүүлнэ.
Уулзалтыг аймгийн ЗДТГ, Боловсролын газар болон “Хос-Төв” боловсролын үйлчилгээний төв хамтран зохион байгуулах юм.
Энэ үеэр ерөнхий боловсролын сургууль бүрийн ахлах ангийн сурагчдад ОХУ-ын их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж, мэргэжил болон сургуулиа сонгох, сонгон шалгаруулалтад тавих шаардлага, бүрдүүлэх материал, орос хэлний бэлтгэл, элсэлтийн үйл явцын талаар мэдээлэл өгч, зөвлөгөө өгөх ажээ.
Ховд аймгаас 2023 оноос хойш нийт 50 сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэнээс одоогоор 39 нь Москва, Санкт-Петербург, Барнаул, Томск, Красноярск, Кызыл зэрэг хотын их, дээд сургуульд суралцаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд нэг жил, бакалаврын түвшинд 4-5 жил, магистрт хоёр жил, докторын түвшинд гурван жил суралцах боломжтой. Анагаах ухаан, инженер, мэдээллийн технологи, уул уурхай, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэг, соёл урлаг зэрэг олон чиглэлээр мэргэжил эзэмших боломжтой ажээ.
Энэхүү уулзалт нь төгсөх ангийн сурагчдад гадаадад суралцах боломжийг эртнээс таниулж, цаашид эзэмших мэргэжил, суралцах сургуулиа зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуульд 22 мянга гаруй сурагч суралцаж байгийн 20 гаруй хувь нь ахлах ангийнхан юм.