Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Жаргалант, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Жил бүрийн аравдугаар сарын 29-нд Дэлхийн харвалтаас сэргийлэх өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс өнөөдөр тархины харвалтын эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, шинж тэмдгийг эрт таних, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авахын ач холбогдлыг иргэдэд танилцууллаа.
Дэлхий дахинд жил бүр ойролцоогоор 13 сая хүн тархины харвалтад шинээр өртдөг байна. Монгол Улсад ч тархины харвалт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын нэг хэвээр байна. Ховд аймагт л гэхэд сүүлийн таван жилийн хугацаанд тархины харвалтын 70-100 тохиолдол жил бүр дунджаар бүртгэгдсэн байна.
Тархины харвалтын үед нүүрний нэг тал мурийх, гар хөл гэнэт сулрах, хэл яриа ээдрэх, хараа болон тэнцвэр алдагдах зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Ийм шинж тэмдгийн аль нэг илэрвэл цаг алдалгүй Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн 7043103 утсаар түргэн тусламж дуудах шаардлагатай. Шинж тэмдэг арилсан байсан ч эмнэлгийн үзлэг, тусламж авах нь чухал гэдгийг эмч нар онцоллоо.
Тархины харвалтын эрсдэлийг бууруулахын тулд цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ болон холестериноо тогтмол хянах, тамхинаас татгалзах, давсны хэрэглээг багасгах, зөв зохистой хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг эмч нар зөвлөлөө.
Харвалтын шинж тэмдгийг эрт таньж, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах нь амь насыг аврах, хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.