Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир АНУ-ын Өмнөд Каролина “Каролинагийн дагалдан сургалтын хөтөлбөр”-ийн дэд ерөнхийлөгч Аманда Ричардсонтой уулзаж, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, ажил олгогчдын оролцоо, түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Боловсролын яамны мэдээлснээр, Өмнөд Каролина мужийн Техникийн коллежийн систем нь төрийн өмчийн 16 коллежийг нэгтгэсэн бүтэцтэй. Иргэдэд мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмших, мэргэших, ур чадвараа дээшлүүлэх, цаашлаад дээд боловсролын түвшинд үргэлжлүүлэн суралцах боломж олгодог. Тус систем нь боловсролын байгууллага, ажил олгогч, төрийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэшсэн хүний нөөц бэлтгэхийг зорьдог байна.
Энэ хүрээнд хэрэгжүүлдэг “Каролинагийн дагалдан сургалт” хөтөлбөр нь суралцангаа цалинтай ажиллах зарчимд суурилдгаараа онцлог юм. Хөтөлбөрт хамрагдагчид ажлын байранд туршлагатай ажилтны удирдлага дор дадлага хийж, мэргэжлийн онолын сургалтад хамрагдан, ур чадвар нь ахихын хэрээр цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжтой. Сургалтаа амжилттай төгссөнөөр үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн чадамжийн гэрчилгээ авдаг ажээ.
Тус хөтөлбөр нь ахлах ангийн сурагчид, насанд хүрэгчдэд үйлдвэрлэл, барилга, эрүүл мэнд, мэдээллийн технологи, эрчим хүч, тээвэр, үйлчилгээ зэрэг олон салбарт цалинтай дадлага хийж, мэргэжлийн ур чадвар эзэмших боломж олгодог. Харин ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, технологийн онцлог, ажлын байрны хэрэгцээнд нийцсэн мэргэшсэн ажилтан бэлтгэх давуу талтай.
Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсанаар ажилтны ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллах хүчний тогтвортой байдлыг хангах, шинэ ажилтан сургах зардлыг бууруулах, хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх боломж бүрддэг байна. Мөн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүд мужийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой ажээ.
Уг хөтөлбөрийн туршлага нь мэргэжлийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээтэй уялдуулах, ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх, суралцагчдын хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, улмаар мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн үр дүнтэй тогтолцооны нэг жишээ юм.

