Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг энэ жилээс хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхээр стратегийн яриа хэлэлцээ хэлбэрээр зохион байгуулж байна.
Энэ үеэр талууд хөгжлийн хамтын ажиллагааны хэрэгжилт, үр дүнг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн тухай санал солилцсоныг ЭЗХЯ мэдээллээ.
Монгол Улсын дэвшүүлж буй хөгжлийн тэргүүлэх зорилт нь Германы хөгжлийн хамтын ажиллагааны урт хугацааны стратеги, тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж буйг тэмдэглэв. Талууд тогтвортой эдийн засаг, хүний нөөцийн хөгжил, боловсрол, мэргэжлийн сургалт, ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчны тогтвортой байдал, институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Мөн 2027 онд зохион байгуулах Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээний бэлтгэл хангаж, эдгээр чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж, тодорхой ахиц дэвшил гаргахын төлөө гэдгээ нотолжээ.
Уулзалтад монголын талаас ЭЗХЯ, Сангийн яам, ХЗДХЯ, Боловсролын яам, БОУАӨЯ-ны төлөөлөгч, германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Германы Сэргээн босголт, зээлийн банк, Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн, Германы Үндэсний метрологийн хүрээлэн, мөн холбогдох байгууллагын төлөөлөл оролцов.