Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос 53, Зуунмод хотоос 10 км зайд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд Хүннү хотын суурь дэд бүтцийн ажлууд эрчимтэй үргэлжилж байна.
Тус хотод 150 мянган оршин суугч төвлөрч, 80 мянган ажлын байр бий болох бөгөөд “Аэросити” хөгжлийн бүсэд эдийн засгийн чөлөөт бүсээс гадна амралт, аялал жуулчлал, олон нийт худалдаа үйлчилгээ, засаг захиргааны, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төв, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго, аж ахуйн нөөц бүсийг төлөвлөжээ. Хүннү хотын суурь болох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхнээсээ ашиглалтад орсон байна.
Тухайлбал, цахилгаан хангамжийн 220/110/35 кВ “Сэргэлэн” дэд станцын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, улсын комисс ажиллан байнгын ашиглалтад хүлээн авчээ. Монгол Улсын эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтын нэг “Сэргэлэн” дэд станцыг 6.4 га талбайд барьсан юм. Нийт 250 МВА суурилагдсан хүчин чадалтай, 220/110/35 кВ-ын гурван хүчдэлийн түвшний бүрэн ухаалаг, дижитал шийдэлтэй юм. “Сэргэлэн” дэд станц нь зөвхөн Хүннү хотын цахилгаан хангамжийг шийдвэрлэхээс гадна бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний чухал зангилаа, транзит станц болно. Тухайлбал, 220 кВ-ын талаас Сонгино дэд станцаас цахилгаан эрчим хүчээр тэжээгдэхийн зэрэгцээ Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Сэргэлэн, Городок болон бусад чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамуудыг холбох боломжийг бүрдүүлэв. Тус төсөлд нийт 400 гаруй тоног төхөөрөмж, тоноглол суурилуулж, орчин үеийн автоматжуулалт, удирдлага, хяналтын дижитал системээр тоногложээ.
Хүннү хотын бусад дэд бүтцийн төслүүдээс төмөр замын бүтээн байгуулалт 100 хувь дуусаж, төмөр замын тээвэр эхэлж, туршилтын ажил эхэлсэн аж. Мөн Мэдээлэл холбооны 41.5 км урт худаг, сувагчлал бүхий шилэн кабелийн сүлжээ, цахилгаан хангамжийн 35/10 кВ-ын “Хөндий” дэд станц, үерийн хамгаалалтын нэгдүгээр далан сувгийн ажил бүрэн дууссаныг албаныхан мэдэгдлээ.
Харин 110/35/10 кВ-ын “Аэросити” дэд станцын бүтээн байгуулалт 80, дулааны эх үүсвэрийн “Хүннү эко дулаан-2” 5 МВт-ын хосолмол эх үүсвэртэй станц 40, ус хангамжийн хоногт 2000 шоо метр хүчин чадалтай усан сан, шугам сүлжээ 85, ариутгах татуургын хоногт 3000 шоо метр хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажил 50 хувьтай хэрэгжиж байгаа аж.


