Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт “Хурд” хамтлагийн “Норсон зүрх” мюзикл тоглолт энэ сарын 11-нд “Уран ган палас”-т болно. Энэ нь тус хамтлагийн анхны бүрэн хэмжээний мюзикл болох юм.
Өнөөдөр тус хамтлагийнхнаас хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээр, мюзиклийн зохиолыг хоёр жилийн өмнөөс бичиж эхэлжээ. Мөн олон улсын стандартыг хангасан анхны мюзикл гэдгээрээ онцлог юм байна. “Хурд” хамтлагийн түүхэн уран бүтээлүүдийг шингээсэн энэхүү мюзиклийг Монголд нутагшуулахын тулд Лондоноос найруулагч, гэрэл, дууны инженер зэрэг мэргэжлийн хүмүүсийг урьж оролцуулж байгаа ажээ.
Мюзиклийн гэрэлтүүлгийн дизайнераар ажиллаж буй Андреа Корсо ярихдаа, “Уг төсөлд Италийн техникийн стандартыг хэрэгжүүлнэ” гэдгийг онцолсон бол “Уран ган палас “-ын гүйцэтгэх захирал Д.Золзаяа “Мюзиклийг театрт биш танхимд хэрхэн тоглож болохыг хүмүүс ирж хараасай гэж хүсэж байна. Илүү сонирхолтой байх болно” гэв. Харин ерөнхий найруулагч Б.Даваасүрэн, “Энэ хамтлагийн дуу бүхэн үе үеийн залуучуудын амьдралд ямар нэгэн түүхийг өгүүлж байдаг. Уг мюзиклд “Хурд”-ын дуунуудыг дахин шинэ өнгө аясаар тоглож, шинэ түүхийг өгүүлнэ” хэмээлээ.
“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтсан энэхүү бүрэн хэмжээний мюзиклийн уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг одоогоор долоон сарын өмнө албан ёсоор зарлаж байсан юм. Мюзиклд галт тэрэгний буудал дээр аавыгаа хүлээх охины тухай өгүүлэх бөгөөд жүжиглэлт, амьд хөгжим, дуу, бүжиг, тайзны хөдөлгөөн, гэрэлтүүлэг, дуугаралт болон орчин үеийн техникийн шийдлийг цогцоор нь харуулах ажээ.