Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Байгаль орчны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулж буй “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн зорилго нь хуулийн төслийн гол зохицуулалтыг танилцуулах, холбогдох байгууллага, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, иргэдийн санал, зөвлөмжийг сонсож, төслийг хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн боловсронгуй болгоход чиглэж байна. Монгол орны хөрс, газрын доройтол, цөлжилт нь байгаль орчны тэнцвэрт байдал, бэлчээрийн төлөв байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаа, тогтвортой хөгжилд нөлөөлж буй тул хөрс хамгаалах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын доройтлыг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрс, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, сааруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх, салбар хоорондын бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн оролцоо, чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, хөрс хамгаалал болон нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг эдийн засгийн хөшүүрэг, санхүүжилтийн механизмаар дэмжих зэрэг асуудлыг тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилтийг хангах боломж, холбогдох байгууллагуудын чиг үүргийн уялдаа болон хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх талаар санал, зөвлөмжөө илэрхийлэв. Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн судалж, хуулийн төслийг цаашид боловсронгуй болгох ажилд тусгах аж.

