Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.
Сайдын мэдээллийг байнгын хорооны хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал танилцуулав. Хүүхдийн төлөө сангийн орлогыг улсын төсөв, хандив, тусламж, авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын хандив, тусламжийн орлогоос бүрдүүлэхээр журамлажээ. Сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцож амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах, энэ түвшний уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх зориулалтаар зарцуулж буй аж.
Тус сангаас 2022-2025 оны хооронд зөвхөн олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилттай оролцсон хүүхдийн шагнал урамшуулал, мөн олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг зардалд нийт 1,007.8 сая төгрөгийг зарцуулсан байна. Энэ онд санд нийт 1,150.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, хүүхдүүдэд олгосон дэмжлэг 461.5 сая төгрөг, хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 1,933.0 сая төгрөг, олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын урсгал засварын зардалд 1,394.2 сая төгрөг зарцуулжээ. Одоогийн байдлаар сангийн үлдэгдэл 26,782.4 сая төгрөг байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа нар дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хүүхдийн спортыг дэмжих, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг өргөжүүлэх талаар тодорхой санал хэлэв. Мөн Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлага байгааг дурдав.
Асуулга тавьсан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, сангийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг идэвхжүүлэх, хандив, орлого төвлөрүүлэх ажил огт хийхгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд, цорын ганц орлогын эх үүсвэр буюу Авто тээврийн үндэсний төвийн азын дугаар борлуулсны орлогыг Хүүхдийн төлөө сан төвлөрүүлэхгүй болгож, “хуулийн хулгай” хийснийг шүүмжилсэн юм.
Үүнтэй холбогдуулан өөрийн тавьсан асуулга, түүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас өгсөн хариултыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргав. Түүний саналын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.