Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир АНУ-ын Вашингтон хот дахь Колумбия дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны удирдлага, төлөөлөлтэй уулзаж, хүүхэд, залуучуудын ур чадварыг хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтад тус албаны Ажиллах хүчний нөөц, холбооны хөтөлбөр хариуцсан дэд захирал Кеннет Уокер, Дагалдан сургалт, мэдээлэл, сургалтын асуудал хариуцсан газрын дэд захирал Майкл Тэйлор, Залуучуудын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Майкл Уоттс нар оролцов.
Боловсролын яамны мэдээлснээр, Колумбия дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн алба нь иргэдэд ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах, ажилд зуучлах, ажил олгогчдыг шаардлагатай хүний нөөцөөр хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн ажлын байрны төвүүдээрээ дамжуулан ажил хайгчдад мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ажлын байрны боломжийг нэг дороос авах нөхцөлийг бүрдүүлжээ.
Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсролыг ажил олгогчдын эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, дэд бүтэц, техникийн салбарын эрэлттэй мэргэжлээр иргэдийг бэлтгэх, дагалдан суралцах болон ажлын байранд дадлагажих боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг аж.
Тус алба хүүхэд, залуучуудын нас, хөгжлийн онцлогт тохирсон ажил мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлдэг. Тухайлбал, 9-13 насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрөөр ажил мэргэжилтэй эртнээс танилцуулахын зэрэгцээ шинжлэх ухаан, технологи, санхүүгийн боловсрол, манлайлал, бизнес эрхлэлтийн талаарх мэдлэг, ойлголтыг нь хөгжүүлдэг байна.
Харин 14-24 насны залуучуудад зориулсан зуны хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрөөр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад цалинтай ажиллах боломж олгож, бодит ажлын орчинд туршлага хуримтлуулах, мэргэжлээ сонгох, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэхэд нь дэмжлэг үзүүлдэг байна.
Уулзалтын үеэр хүүхэд, залуучуудад бага наснаас нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ерөнхий боловсролын сургалтыг амьдралын болон хөдөлмөр эрхлэлтийн ур чадвартай уялдуулах, суралцагчдыг ажлын байранд дадлагажуулах чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагыг онцлон сонирхож, санал солилцлоо.
Мөн Монгол Улсад хүүхэд, залуучуудын нас, хөгжлийн онцлогт нийцсэн ур чадвар хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрийг боловсронгуй болгох, богино хугацааны сургалт болон дагалдан суралцах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажиллах санал илэрхийллээ.