Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс өндөр эрсдэлтэй салбарын ажилтнуудад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгууллаа.
Сургалтаар ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг нэмэгдүүлэх, ажлын байранд учирч болзошгүй эрсдэлийг таньж илрүүлэх, осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал эзэмшүүлэхэд анхаарчээ.
Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гандэлгэр “2025 онд манай аймагт үйлдвэрлэлийн 16 осол бүртгэгдсэн бол энэ онд 20 осол бүртгэгдэж 4 тохиолдлоор нэмэгдсэн байна. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, осол, эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлж, ажил олгогч нар анхаарах шаардлагатай”-г онцоллоо.
Сургалтаар ажлын байрны эрсдэлийг таньж илрүүлэх, галын аюулгүй байдлыг хангах, авто тээвэр болон шатахуун хангамжийн үйл ажиллагаанд мөрдөх аюулгүй ажиллагааны талаар мэргэжлийн байгууллагын төлөөлөл, улсын байцаагчид мэдээлэл, зөвлөгөө өгчээ.
Мөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журам, “Эрсдэлгүй Хөвсгөл” гар утасны аппликейшнээр ажлын байранд илэрсэн эрсдэлийг мэдээлэх, түүний шийдвэрлэлтийн явцыг хянах боломжийг танилцуулсан байна.
Сургалтад авто тээвэр, шатахуун хангамжийн салбарын инженер, техникийн ажилтан, жолооч зэрэг нийт 81 хүн хамрагдлаа.

