Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар “Бүтээлч албан хаагч” хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.
Энэхүү хөтөлбөр нь төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг дэмжих, ажиллах урам зориг, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, шинэлэг санаачилга, бүтээлч үйл ажиллагаа, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Тус хөтөлбөрийг 2027-2028 онд хэрэгжүүлэх бөгөөд салбар бүрийн байгууллагаас тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан албан хаагчдыг шалгаруулж, нэг албан хаагчид 3-5 сая төгрөгийн дэмжлэг олгох юм.
Шалгаруулалтыг салбарын бодлогын газрууд зохион байгуулж, ирүүлсэн материалыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг хянан үзэж, холбогдох шийдвэрийг гаргуулах аж.
Хөтөлбөр хэрэгжсэнээр салбарын хүний нөөцийн тогтвортой байдал сайжирч, албан хаагчдын бүтээлч санаачилга, ажлын бүтээмж нэмэгдэн, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэх үр дүн гарна гэдгийг Хөвсгөл аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа ярилаа.