Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Хөвсгөл дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл, нүүрсний нөөц, дулаан хангамжийн өнөөгийн байдалтай газар дээр нь танилцлаа.
Аравдугаар сарын 29-ний байдлаар станцын өвөлжилтийн бэлтгэл 77 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор 2, 4 дүгээр зуух хэвийн ажиллаж, 3 дугаар зуух нөөцөд бэлэн байгаа бол 1 дүгээр зуухны их засварыг ирэх сард дуусгахаар төлөвлөжээ.
Станц дулааны эрчим хүчийг Диспетчерийн үндэсний төвөөс баталсан горимын дагуу, гадна агаарын температуртай уялдуулан нийлүүлж байна. Инженер, техникийн болон засварын ажилтнууд иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу газар дээр нь очиж, шаардлагатай засвар үйлчилгээг тухай бүр хийж байгааг танилцууллаа.
Мөн дулаан хангамжтай холбоотой зарим гомдол нь станцын үйл ажиллагаанаас бус, барилга байгууламжийн дулаан алдагдал, дулаалгын чанартай холбоотойг мэргэжлийн байгууллагын төлөөлөл тайлбарлав. Иймд иргэд дулаан алдагдлын шалтгаанаа мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, шаардлагатай засвар, дулаалгыг хийлгэхийг зөвлөжээ.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, нүүрсний нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг станцын удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн иргэдийн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж, дулаан хангамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахыг чиглэл болгосон байна.
Хөвсгөл дулааны станц есдүгээр сарын 15-наас Мөрөн сумын 3900 гаруй өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангаж эхэлжээ. Одоогоор 13 хоногийн нүүрсний нөөцтэй байна.


