Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар-2026” аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Төв музейд хадгалагдаж буй “Хаадын угсаа залгамжилсан угийн бичиг” хэмээх түүхэн үзмэрийг олон нийтэд дэлгэн танилцуулж байна.
Уг үзмэр нь Чингис хаанаас эхлэн Халхын дөрвөн аймгийн ноёдын угсаа залгамжлалыг дүрслэн бичсэн хүрдэн зураг юм.
71х71 см хэмжээтэй уг бичмэлийг бийрээр хар, улаан бэх ашиглан дугуй хүрдэн хэлбэрээр үйлджээ. Төв хэсгээс гадагш нарны цацраг мэт дэлгэсэн 15 үе бүхий угийн бичгийг хөндлөн болон босоо улаан зураасаар дөрвөн хэсэгт хувааж, дөрвөн аймгийг тус тусад нь заагласан байна.
Төвийн дугуй хэсэгт Чингис хаанаас эхлэн Гэрсэнзийн долоон хүү хүртэлх угсаа залгамжлалыг бичжээ. Харин тойргийн гадна талд аймаг бүрийн нэр, өөлд хошууны тоог тэмдэглэсэн байна. Тайж нарын угсаа залгамжлал болон салаа салбарыг улаан шунхаар ялган зуржээ.
Харин угийн бичгийг хэзээ, хаанаас, хэн авчирсан тухай мэдээлэл музейн бүртгэл, дансанд үлдээгүй байна.
Угийн бичгийг яг хэдийд үйлдсэнийг тогтоосон баримт байхгүй ч бичгийн хэв маяг, ерөнхий дүр төрх, сүүлчийн засаг ноёдын нэр, цол хэргэмийн дараалал, угсаа залгамжилсан он зэргийг харьцуулан судалсны үндсэн дээр эрдэмтэд 1800 оны сүүл үед бичигдсэн гэж үздэг болохыг музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Одмаа тайлбарлалаа.
