Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хамрын таславчийн мурийлт засах мэс заслыг орон нутагтаа хийж эхэллээ. Ингэснээр иргэд уг тусламж үйлчилгээг нийслэлийг зорихгүйгээр, цаг хугацаа, зардал хэмнэн авах боломж бүрдэж байна.
Хамрын таславч нь хамрын хөндийг баруун, зүүн хоёр хэсэгт хуваадаг бүтэц юм. Таславч мурийснаар хамрын нэг болон хоёр талын амьсгалын зам нарийсах, хамар байнга битүүрэх зэрэг зовуурь илэрдэг.
Таславчийн мурийлтыг засах мэс заслын үед мурийсан хэсгийг тэгшилж, хамрын агаарын урсгалыг чөлөөтэй болгосноор амьсгалыг сайжруулдаг байна.
Таславчийн мурийлттай үед хамар байнга битүүрэх, эмийн эмчилгээнд намдахгүй байх, хамрын үрэвсэл дахих, толгой өвдөх, унтах үед амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Эдгээр зовуурийн гурав ба түүнээс олон нь илэрч байвал хамрын таславчийн мурийлт эмчилгээ шаардлагатай түвшинд хүрсэн байх магадлалтай тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатайг тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн эмч Д.Лхагваням хэллээ.