Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал суманд жил бүрийн гуравдугаар сарын 2, 3-нд болдог “Хөх сувд” мөсний баярыг ирэх онд хоёрдугаар сарын 27, 28-нд зохион байгуулах санал гаргажээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас баярын товыг өөрчлөх саналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүргүүлсэн байна. Ингэснээр баярыг амралтын өдрүүдэд зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
“Хөх сувд” мөсний баяр нь дотоод, гадаадын олон жуулчныг татдаг, Монголын өвлийн аялал жуулчлалын томоохон үйл ажиллагааны нэг юм.
Анх 2000 онд Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгаль орчны байцаагч Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газарт мөсний баярыг зохион байгуулжээ. Тухайн үед нутгийн иргэд оролцож, арав гаруй чаргатай морины уралдаан болсон байна.
Харин 2001 оноос баярын цар хүрээ өргөжиж, жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Өдгөө тус баярт жил бүр 20 мянга гаруй хүн оролцдог бөгөөд Япон, БНСУ, Герман, АНУ зэрэг улсаас жуулчид, зочид зорин ирдэг.
Баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн уралдаан, мото спортын үзүүлбэр, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж, би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан зэрэг спорт, танин мэдэхүйн олон төрлийн үйл ажиллагаа болдог. Мөн аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зохион байгуулдаг уламжлалтай.
