Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдаанаар зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын албан даалгавар гаргалаа.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатараар ахлуулсан тус зөвлөлийн хуралдаанаар өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхдийг гэмт хэрэг, зөрчил болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчмын хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа, спорт заалны ашиглалт, сурагчдаас төлбөр, хураамж авах асуудлыг хэлэлцсэн байна.
Албан даалгаварт цахим тоглоомын газруудын үйл ажиллагаа, цагийн хуваарь, хүүхдийг шөнийн цагаар тоглуулж байгаа эсэх болон стандартын хэрэгжилтэд хамтарсан хяналт шалгалт хийхээр тусгажээ. Илэрсэн зөрчлийг арилгуулж, буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага тооцох юм.
Мөн сургуулийн орчмын хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэгчдэд хийх хяналт шалгалтыг дахин зохион байгуулж, өмнөх шалгалтаар өгсөн акт, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлнэ. Цаашид улирал тутам хяналт тавьж, үр дүн, тулгамдсан асуудлыг Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр болжээ.
Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хичээлийн жилийн хугацаанд сургалтын бус цагаар сургуулийн спорт заалыг хүүхэд, сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгосон байна. Ингэснээр секц, дугуйлан, тэмцээн, уралдаан зохион байгуулах нөхцөл бүрдэх юм. Харин нийтийг хамарсан төлөвлөгөөт үйл ажиллагаанаас бусад тохиолдолд спорт заалыг иргэн, байгууллага, төгсөгчдөд түрээслүүлэхийг хоригложээ.
Спортын өөр байгууламжгүй сумдад спорт заалны ашиглалтын асуудлыг сумын Хүүхдийн төлөө зөвлөлөөр хэлэлцүүлж, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавин шийдвэрлэхээр тусгасан байна.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиуд урлагийн үзлэг, тэмцээн, уралдаан болон хичээлээс гадуурх үйл ажиллагаатай холбогдуулан сурагчдаас мөнгөн болон эд материалын хандив, дэмжлэг, хураамж авахыг хориглосон байна.
Түүнээс гадна жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхэд оролцуулахгүй байх Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцохыг үүрэг болгожээ.
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлахдаа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийг баримталсан байна.



ӨМНӨГОВЬ: Хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих “баяртай-3” төсөл өмнөговь аймагт хэрэгжинэ
ХӨВСГӨЛ
ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүрээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил бүрэн дууслаа
Видео мэдээнүүд
АРХАНГАЙ: Хангайн бүсийн төрийн албан хаагчийн уулзалт нь онол, практик хосолсноороо онцлогтой