Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Дэлхийн зөн Монгол" төрийн бус байгууллагын санаачилгаар Хонконгийн хөрөнгө оруулалттай “Мөнх ногоон ой 2” төслийг Хөвсгөл аймгийн Мөрөн, Шинэ-Идэр, Арбулаг суманд хэрэгжүүлнэ. Төсөл нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхээс гадна иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Төслийн багийнхан аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад зорилго, үйл ажиллагаагаа танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Төслийн хүрээнд Мөрөн, Шинэ-Идэр суманд нийт 4400 мод тарьж, малчид, тариаланчдын оролцоонд тулгуурласан байгалийн нөхөн сэргээлтийн /FMNR/ аргачлалыг нэвтрүүлэх юм.
Харин Арбулаг суманд нарны эрчим хүчээр ажиллах гүний худаг гаргаж, 40 өрхийг зун, өвлийн хүлэмжид нарийн ногоо тариалах, мод үржүүлэх, суулгац үйлдвэрлэх арга технологид сургана. Мөн эдгээр өрхийн хашаанд нийт 800 жимсний мод тарихад дэмжлэг үзүүлэх ажээ.
Түүнчлэн Шинэ-Идэр сумын 20 өрхийг зөгийн аж ахуй эрхлэх дадалд сургаж, зөгийн аж ахуйгаар дамжуулан орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Ингэснээр байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өрхийн үйлдвэрлэл, жижиг бизнесийг дэмжиж, иргэдийн орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгох юм.
“Мөнх ногоон ой 2” төсөл өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд хэрэгжиж, 2.2 га талбайд мод тарьж ургуулсан байна. Энэ нь тоосжилт, хөрсний доройтол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн зурвас бий болгоход хувь нэмэр оруулжээ.

