Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах STREAM төсөл болон орон нутгийн санхүүжилтээр Хөвсгөл аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 15 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна.
Одоогоор 15 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний боловсруулалт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Долоон жилийн хугацаанд хэрэгжих эдгээр төлөвлөгөөг энэ оны 11 дүгээр сард багтаан сумдын ИТХ-аар хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна.
Харин аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө 40 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 15 жилийн хугацаанд хэрэгжих тус төлөвлөгөөг 2027 оны эхний хагас жилд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Эдгээр төлөвлөгөө батлагдсанаар газрын нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчин, экосистемийн тогтвортой байдлыг хангах, суурьшил, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон орон нутгийн хөгжлийг уялдуулан төлөвлөх нөхцөл бүрдэнэ. Мөн хууль тогтоомжид нийцүүлэн иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудлыг төлөвлөгөөний дагуу шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
Арван таван сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын явцыг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарт танилцууллаа. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар төлөвлөгөө боловсруулах ажлыг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Уулзалтад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Идэр, гүйцэтгэгч “Вектор мэп” ХХК-ийн захирал С.Наран-Очир, инженер, техникийн ажилтнууд болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд оролцож, ажлын явц, цаашдын төлөвлөлтийн талаар санал солилцлоо.
