Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хүрэн баавгай суурьшлын бүс болон малчин өрхийн хот, хашаанд орж ирэх тохиолдол нэмэгдсээр байна.
Тус аймгийн Байгаль орчны газарт энэ онд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тухай нийт 163 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Эдгээр тохиолдлын улмаас суурьшлын бүсэд орж ирсэн 20 баавгайг устгасан байна. Үүнээс 18-ынх нь сэг зэмийг шатааж устгасан бол хоёр баавгайн арьсыг тусгай хамгаалалттай газрын хүсэлтээр үзмэр болгон ашиглуулахаар шилжүүлжээ.
Одоогоор сум бүрд шуурхай бүлэг байгуулж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө тогтмол хүргэж байна. Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд 8800-1394 дугаарын утсаар шуурхай бүлэгт яаралтай мэдэгдэхийг Байгаль орчны газраас анхаарууллаа.
Мөн сүүлийн үед баавгай уулаас бууж, суурьшлын бүсэд ойртох нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийг хөдөө явах, малаа болон алдуул малаа хайж ууланд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг аймгийн Байгаль орчны газраас зөвлөж байна.
Хөвсгөл аймаг ой, тайга ихтэй тул хүрэн баавгай Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын нутагт тархсан байдаг байна.