Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

БЭЭЖИН, 2026 оны аравдугаар сарын 27 /Kazinform/. Хятад улс цоохор ирвэс нутагладаг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээгээ өргөжүүлж, гол бүс нутгуудад үндэсний хоёр цэцэрлэгт хүрээлэн болон бусад 78 тусгай хамгаалалттай газар байгуулсан тухай “TV BRICS” суваг мэдээлжээ.
Хятадад 2013 оноос цоохор ирвэсийг хамгаалах ажлыг шат дараатай хэрэгжүүлж эхэлснээс хойш энэхүү амьтны тоо толгой 2500 орчмоос 5000 орчим болж, хоёр дахин нэмэгдсэн бол тархац нутаг нь 2.08 сая орчим хавтгай дөрвөлжин км болж өргөжжээ.
Хятадын Үндэсний ой, бэлчээрийн газрын мэдээллээс эш татан “China Daily” сонинд мэдээлснээр, дэлхийн цоохор ирвэсийн тархац нутгийн 60 гаруй хувийг Хятадын нутаг дэвсгэр эзэлж бөгөөд тус улс цоохор ирвэсийн тархац нутаг, тоо толгойгоор дэлхийд тэргүүлж байна.
“Уулын эзэн” хэмээн нэрлэдэг цоохор ирвэс нь Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн тусгай хамгаалалтад байдаг амьтан юм. Түүний тоо толгой, тархац нь өндөр уулын экосистемийн тэнцвэр алдагдаагүй байгааг илтгэдэг. Цоохор ирвэсийн нутагладаг гол бүс нутгуудад үндэсний хоёр цэцэрлэгт хүрээлэн, бусад 78 тусгай хамгаалалттай газар байгуулснаар 800 мянга гаруй хавтгай дөрвөлжин км нутгийг хамгаалалтад авчээ. Ингэснээр тус амьтны нутаглах боломжтой нийт нутгийн 40 шахам хувь нь тусгай хамгаалалттай газар нутгийн зохицуулалтад хамрагдсан байна.
Түүнчлэн цоохор ирвэс үзэгдэхээ больсон бүс нутгуудад тоо толгойг нь сэргээх чиглэлд ахиц гарчээ. Тухайлбал, Хятад улс Хэлан уулсын бүсэд цоохор ирвэсийг анх удаа сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлсэн байна.