Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. БНЭУ-ын Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй Монгол Улсын Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
Үйлдвэрийг ашиглалтад оруулахад бэлтгэж монголын инженерүүдийг сургаж байгаагийн зэрэгцээ шинэ ажлын байрууд бий болгохыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзах үеэрээ тэмдэглэлээ.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр "Монгол Улс, БНЭУ нь харилцааны эртний түүхтэй оюун санааны болон манай улсын гуравдагч хөрш, стратегийн түнш” гэдгийг тодотгов. Мөн "Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд, тэр дундаа эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дэд бүтэц, боловсрол, мэдээллийн технологи, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үзүүлж буй санхүү, техникийн дэмжлэгт талархал илэрхийлэв. Түүнчлэн хамтын ажиллагааныхаа шинэ шатыг эхлүүлэх цаг болсныг онцолсон юм.

Уулзалтаар Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, боловсрол, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве "Монгол Улс-БНЭУ-ын чиглэлд даваа гараг бүр шууд нислэг үйлдэж буй "Хүннү Эйр" компани нислэгээ нэмэх болсонд таатай байна. Шууд нислэг иргэд хоорондын харилцаанд том боломж нээж өгсөнөөс гадна хоёр улсын худалдааны тэнцэлийг 110 сая ам.долларт хүргэхэд түлхэц болсон"-ыг тэмдэглэлээ. Мөн Тавантолгойн коксжсон нүүрсийг Энэтхэг рүү экспортлох хүрээнд 1 тонныг дээж болгон авч, шинжлүүлж байгаа. Монголоос уран, газрын ховор элементийг импортлох сонирхолтойгоо илэрхийлэв.

Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газрын 20 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн хашаанд барьж буй Мэдээлэл харилцааны сургалтын төвийг удахгүй нээхээр төлөвлөж байна. Сургалтын төвийг ашиглалтад оруулснаар жилд 1000 залуу IT мэргэжлээр суралцах боломж бүрдэх юм. Үүнээс гадна 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьж буй нэг ээлжинд 1200 хүүхэд сурах боломжтой Энэтхэг Монголын Найрамдалт сургуулийг хоёр сарын дараа ашиглалтад оруулах гэж байгааг уулзалтын үеэр мэдээлжээ.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр "Хоёр улсын ШУА хоорондын хамтын ажиллагааны шинэ харилцааг эхлүүлэх, өргөжүүлэх, цаашид эрдэмтэд, залуу судлаачдын солилцоонд анхаарах хүсэлтэй”-гээ илэрхийлсэн юм.
Уулзалтын дүнд Энэтхэг-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагааг эхлүүлэхээр хоёр тал тохиролцжээ.
Манай улс шатахуунаа гадаадаас 100 хувь импортолж, жил бүр 1 тэрбум орчим ам.доллар зарцуулдаг. Дээрх үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд ашиглалтад оруулснаар улсын шатахууны хэрэгцээний 55-60 орчим хувийг дотооддоо хангах боломжтой болох юм.