Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсролын яамны төлөөлөл АНУ-ын Өмнөд Каролина мужийн Ричленд, Лексингтон, Фэйрфилд тойрогт үйл ажиллагаа явуулдаг Мидландс техникийн коллежид зочилж, үйл ажиллагаа, сургалтын орчин, мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрүүдтэй танилцав.
Боловсролын яамны мэдээлснээр, тус коллеж нь мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмших хүсэлтэй залуусыг бэлтгэхийн зэрэгцээ орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг хүний нөөцийг бий болгоход чиглэн ажилладаг байна. Суралцагчдад чанартай, хүртээмжтэй боловсрол олгох, карьерын зөв сонголт хийх, амьдралын зорилгоо тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэхийг сургалтын бодлогынхоо нэг хэсэг болгожээ.
Тус коллеж нь сургалтын арга барилаа цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх, харилцан хүндэтгэлтэй, шударга, ёс зүйтэй орчин бүрдүүлэхэд анхаардаг байна. Мөн бизнес, боловсрол, төрийн байгууллагатай хамтран ажиллаж, нийгмийн гарал үүсэл, арьсны өнгө үл харгалзан хүн бүрд тэгш боломж олгох, олон талт байдлыг эрхэмлэх зарчмыг баримталдаг аж.
Их, дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр харьцангуй хямд, суралцагчид төгссөнийхөө дараа их сургуульд шилжин үргэлжлүүлэн суралцах боломжтой юм. Түүнчлэн богино хугацааны сургалт, мэргэжлийн гэрчилгээ олгох хөтөлбөрүүд нь төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд богино хугацаанд нэвтрэхэд дэмжлэг үзүүлдэг байна.
Оюутнууд өөрийн амьдралын хэмнэл, хэрэгцээнд нийцүүлэн бүтэн, хагас цагаар, танхимын болон цахим хэлбэрээр суралцах боломжтой. Урлаг, шинжлэх ухаан, бизнес, инженерчлэлийн технологи, эрүүл мэнд, сувилахуй, мэдээллийн технологи зэрэг олон чиглэлээр дэд эрдмийн зэрэг, диплом, сертификатын сургалт явуулдаг.
Мөн зөвхөн анхан шатны боловсрол эзэмшигчдэд бус, насанд хүрэгчид, ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст мэргэжлээ дээшлүүлэх, шинэ ур чадвар эзэмших боломж олгох тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байна. Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сургалтын төвүүд, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчидтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд суралцагчдад онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бодит ажлын туршлага хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Ийнхүү Мидландс техникийн коллеж нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ насан туршийн суралцахуйг дэмжиж, боловсролоор дамжуулан иргэдийн ажил эрхлэлт, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.


