Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн, академич Д.Дагвадорж тэргүүтэй Монгол Улсын хэлэлцээний баг БНТУ-ын Анталья хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-д оролцож байна.
Мөн Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн урьдчилсан бэлтгэл хуралдаанд амралтын өдрүүдэд оролцож, COP31-ийн хүрээнд хэлэлцэх хөгжиж буй орнуудын байр суурийг нэгтгэх, хэлэлцээний стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хамтын ажиллагааны тухай санал солилцсоныг БОУАӨЯ мэдээлэв.
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг нь 130 гаруй орныг нэгтгэсэн олон улсын хэлэлцээний хүрээнд эдгээр орны ашиг сонирхол, байр суурийг илэрхийлдэг бүлэг юм. Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг багасгах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг сааруулах, байгаль орчинд ээлтэй технологи дамжуулах, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын санхүүжилтийн хүртээмжийг нэмэх зэрэг асуудлаар улс орнуудын нэгдсэн байр суурийг боловсруулж, бага хурлын шийдвэрт тусгуулдаг байна.

Анталья хотноо энэ сарын 9-20-нд зохион байгуулах COP31 бага хурлын өндөр дээд түвшний хуралдаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир оролцох юм.
Бага хурлаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний зорилт, амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөгжиж буй орнуудад шаардлагатай санхүүжилт олгох, технологи дамжуулах, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцэж, шийдвэр гаргана.
Монгол Улсын хэлэлцээний баг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, газрын доройтлыг сааруулах, байгаль орчны асуудлаарх олон улсын конвенц, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангах, уур амьсгалын санхүүжилтийн хүртээмжийг нэмэх, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлаар хэлэлцээнд оролцохоор төлөвлөжээ.