Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2027 онд чансааны оноо олгох цуврал тэмцээний хуваарийг албан ёсоор танилцуулжээ.
“Лос Анжелес-2028” олимпын оноо олгох чухал гурван тэмцээний нэгийг Улаанбаатар хотод хийхээр болсон байна. Тодруулбал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээнийг 2027 оны долоодугаар сарын 19-25-нд зохион байгуулахаар болов. Тэгвэл чансааны оноо олгох хамгийн эхний тэмцээн 2027 оны хоёрдугаар сарын 1-7-нд Хорватын Загребт, дараагийнх нь АНУ-ын Коралвил хотод тавдугаар сарын 31-нд эхлэх ажээ. Хорватын Загреб хотноо 2023 оноос хойш чансааны оноо олгох тэмцээн зохион байгуулж ирсэн бол Улаанбаатар хотод сүүлийн хоёр жил дараалан зохион байгуулсан. Харин АНУ-ын Коралвил хотод анх удаа бөхийн төрлийн шилдгүүд цуглах юм.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоогоос онооны системдээ өөрчлөлт оруулж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Шинэ журмаар бөхчүүд барилдаан бүрийнхээ тоогоор чансааны оноо нэмэх боломжтой болжээ. Тухайлбал олимп, дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин шууд 40 мянган оноо авах бөгөөд тэмцээнд оролцсоныхоо шагналд 250, ялалт бүрийнхээ тоогоор 2000 оноо чансаандаа авна. Харин чансааны цуврал тэмцээнд түрүүлсэн тамирчин 20000, оролцсоныхоо шагналд 150, барилдаанд ялсныхаа тоогоор 1000 оноо халаасална. Тэгвэл тивийн болон наадамд түрүүлсэн тамирчин 10000, оролцсоныхоо шагналд 75, ялалт бүрийнхээ тоогоор 500 оноо авах юм.
“Лос Анжелес-2028” олимпод оролцох чансааны оноог 2027 оны дэлхийн чансааны оноо олгох гурван цуврал тэмцээн, ДАШТ, тивийн АШТ, 2028 оны дэлхийн чансааны оноо олгох нэг тэмцээн, тивийн АШТ-ий нийлбэрээр эрх олгоно.