Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Японы Айчи мужийн Нагояа хотод болж өндөрлөсөн Азийн пара V наадамд оролцсон Монголын баг тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, нийт 10 медальтай эх орондоо ирээд удаагүй байна.
Наадмын нээлтийн маргаашаас л монгол түмнээ огшуулж эхэлсэн тэдний амжилтын буухиа пара жүдогийн төрлөөр эхэлж, байт харвааны харваагаар дууссан билээ. Ханжоуд үзүүлсэн амжилтаа давтах, цаашлаад давуулан биелүүлэх зорилготой явсан тэд үүрэг даалгавраа 100 хувь гүйцэтгэж, Азийн пара наадмын 10 хоногт спорт сонирхогчид, Монголын ард түмнийг бүрэн утгаар нь огшоолоо. Тэгвэл Монголын үндэсний паралимпын хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, медаль хүртсэн тамирчид дэмжигч байгууллагууд болон ард түмэндээ хандан талархал илэрхийлэв.
Хурлын эхэнд Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганхүү “Манай баг тамирчид зорилгоо 100 хувь давуулсан. Биднийг цаг ямагт дэмжиж ирсэн төр, хувийн хэвшлийн байгууллагууддаа нийт тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Бид 2028 оны Лос-Анжелесын паралимпын наадамд илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцохын тулд олон эрх авах зорилт дэвшүүлсэн. Түүнчлэн пара тамирчдынхаа залгамж халааг бэлтгэх талд онцгой анхаарч байна. Манай тамирчдыг дэмжиж хамтран ажиллан хувь хүн, албан байгууллага байвал нээлттэй шүү. Бид саналыг талархан хүлээн авах болно” хэмээлээ.
Пара тамирчдаас төрөн гарсан Азийн пара наадмын анхны хошой аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ “Өнөөдөр пара таеквондогийн төрлөөр 4-5 тамирчин тогтмол бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцож байна. Удахгүй манай тамирчид ДАШТ-д оролцохоор явна. Бид зөвхөн өөрсдийгөө бодоод зогсохгүй шинэ залгамж халаагаа бэлдэх нь чухал. Тиймээс гарын бэрхшээлтэй дүү нар таеквондогийн спортыг сонгон хичээллэхийг уриалж байна” гэсэн бол паралимпын анхны эмэгтэй аварга, хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав “Бидний бэлтгэлтэй ирж танилцах нь нээлттэй. Дүү нар маань өмнөө зорилготой байж, өөртөө шинэ ирээдүй нээхийг хүсье. Миний хувьд одоо удахгүй болох ДАШТ-д түрүүлэх зорилго тавьсан. Бидэнтэй нэгдээрэй, биднийг дэмжээрэй” хэмээн ярилаа.
“Айчи-Нагояа 2026” наадмаас хос медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар, “Бидний амжилтын ард маш олон хүн байсан. Монголын үндэсний паралимпын хороо, БТСУХ, Үндэсний шигшээ багийн алба, ССАЖЯ, Монголын байт харвааны холбоо болон нийт тусалж дэмжсэн хүмүүстээ талархал илэрхийлье. Байт харвааны нийт хамт олныхоо дэмжлэг, хамтарсан бэлтгэлийн ачаар энэхүү амжилтыг үзүүлж чадлаа. Энэ бол зөвхөн бид хоёрын амжилт биш. Та бүхний хамтын хөдөлмөрийн үр шим юм” хэмээн тодотгоод хөл, гарын бэрхшээлтэй болон суугаа залуусыг байт харвааны спортоор өөрийгөө сорихыг санал болголоо.
Харин пара жүдо тамирчин Л.Туруунаа, Б.Сувд нар “Пара жүдог Монголд дэлгэрүүлсэн зүтгэлтнүүд болон ивээн тэтгэгчдэдээ талархал илэрхийлье. ДАШТ-д гаргасан алдаагаа давтахыг хүсээгүй. Тиймээс эхнээсээ нягт байж хүссэн амжилтдаа хүрч чадлаа. Цаашид илүү олон амжилт үзүүлж, Монголын ард түмнээ баярлуулахыг хүсэж байна” гэлээ.
Өнөөдөр Монголд пара жүдо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, таеквондо, пауэрлифтинг тэргүүтэй өвөл, зуны 22 спортын төрлөөр шигшээ баг барьж байгаа бөгөөд эдгээр нь 100 орчим тамирчны бүрэлдэхүүнтэй аж. Нэг төрөлд дунджаар 4-5 тамирчин шигшээ багт харьяалагддаг байна. Тиймээс цаашид шинэ залгамж халааг бэлдэхэд онцгой анхаарал хандуулах болжээ.













Гэрэл зургийг Г.Мөнх-Од