Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Нинбо хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
99 орны баг тамирчид оролцож буй тус тэмцээнд манай улсаас хүндийг өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад дөрвөн тамирчин хүч чадлаа сорин өрсөлдөж байгаа юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 69 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул, -86 кг-д Л.Болортуяа, +86 кг-д Б.Энхжин, спортын мастер Г.Чинболор нар өрсөлдөж байна.
Өчигдөр эмэгтэйчүүдийн 69 кг-ын жингийн “В” хэсэгт олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул дэвжээнд гарчээ. Түүний жинд 48 тамирчин өрсөлдсөнөөс Б.Хонгорзул огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 121 кг, нийлбэр дүнгээр 214 кг-ыг өргөсөн амжилтаар 31-р байрт жагсав. “Лос-Анжелес-2028” олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд ирэх баасан, бямба гарагт 86 кг-д Л.Болортуяа, +86 кг-д Б.Энхжин, Г.Чинболор нар өрсөлдөнө. Тамирчдаас гадна Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Л.Одгэрэл тус тэмцээнийг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хойд Солонгосын баг 20 алт, найман мөнгө, зургаан хүрэл, нийт 34 медальтай тэргүүлж байгаа бол БНХАУ найман алт, найман мөнгө, зургаан хүрэлтэй удаалж байна. Харин Колумб, Египетийн баг нэг алтан медаль хүртсэн бол АНУ, Турк, Тайвань, Индонез, Украйны багууд мөнгөн медалийн тоогоор 5-9-р байрт бичигдэж байна. Өнөөдрийн байдлаар 13 орон ямар нэгэн медаль хүртжээ.
