Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны 2026 оны шилдэг бүтээлийг Хүүхдийн урлан бүтээх төвд өнөөдөр шалгаруулж, бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ.
Энэ удаагийн үзэсгэлэнг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” сэдвээр зохион байгуулав.
Үзэсгэлэнд Монголын уран бүтээлчдээс гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Чех Улсын мэргэжлийн уран бүтээлч, багш, оюутан, ЕБС-ийн сурагчдын нийт 200 гаруй бүтээлийг дэлгэжээ.
“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнд байр эзэлсэн оролцогчид:
8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд:
Тэргүүн байрт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч М.Отгонбаяр “Их хүмүүн” бүтээлээр
Дэд байрт Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Х.Номин-Эрдэнэ “Дөрвөн цаг” бүтээлээр
Гутгаар байрт Нийслэлийн ерөнхий боловсролын 189 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Н.Энхрийлэн” Алс газар сурахаар явагч” бүтээлээр тус тус шалгарав.
11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:
Тэргүүн байрт Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Утгатөгөлдөр "Цагаан сар ба хар нулимс” бүтээлээр
Дэд байрт 'Ургам Ухаан сургууль'' хими биологийн лицей сургуулийн сурагч Б.Алимансаран “Миний нутаг” бүтээлээр
Гутгаар байрт Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн сурагч Б.Сайханцэцэг “Хөдөө талын үзэсгэлэн” бүтээлээр тус тус шалгарав.
Багш нарын ангилалд:
Тэргүүн байрт бүтээлээр Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Дуламсүрэн “Харанхуй хад” бүтээлээр
Дэд байрт “English School of Mongolia” сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Т.Цолмон “Монгол ардын суут” бүтээлээр
Гутгаар байрт “Гурван тамир” сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш О.Ганжигүүр “нэг үгээр дэлхийг донсолгов” бүтээлээр шалгарлаа.
Оюутны ангилалд:
Тэргүүн байрт МУИС-ийн 1 дүгээр түвшний оюутан А.Хүслэн "Миний нутаг" бүтээлээр
Дэд байрт МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн хөтөлбөрийн 2 дугаар түвшний оюутан Б.Баяр-Эрдэнэ “Миний нутаг” бүтээлээр
Гутгаар байрт МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан Ч.Өнөрзаяа “Хөгжмийн эгшиг” бүтээлээр тус тус шалгарав.
Уран бүтээлчдийн ангилалд:
Тэргүүн байрт “Оюун түлхүүр” урлагийн боловсролын тэргүүн Б.Алтантуяа “Хүмүүн” бүтээлээр
Дэд байрт БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны уран бүтээлч Уулын Самтан “Дөрвөн цаг” бүтээлээр
Гутгаар байрт Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Э.Анхбаяр “Эрдэм” бүтээлээр тус тус шалгарав.
"Мөнх тэнгэрийн бичиг-2026 үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Тус үзэсгэлэнд байр эзэлсэн оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.

Уран бүтээлчдийн ангилалд тэргүүн байрт шалгарсан Монголын калиграфын урлаг нэгдсэн холбооны гишүүн, уран бичээч Алтантуяа: Энэхүү үзэсгэлэнд 2010 оноос хойш тасралтгүй 16 дахь жилдээ оролцож байна. Уран бичлэгийн бүтээл туурвих үйл явц нь маш богинохон агшинд өрнөдөг. Тэрхүү агшны цаана уран бүтээлчийн удаан хугацаанд бодож, төсөөлж, сэтгэлдээ ургуулан боловсруулсан санаагаа бийрийн үзүүрээр нэгэн агшинд амилуулдаг онцлогтой. Энэ удаагийн бүтээлдээ Д.Нацагдоржийн “Алс газар сурахаар явагч” шүлгийн хэсгээс сонгон авч уран бичлэгээр дүрсэлсэн. Бүтээлийн гол санаа, утга агуулгыг илэрхийлэхийн тулд “Хүн” гэдэг үгийг онцлон тодруулж бичсэн юм. Бүтээлийнхээ өнгө, бичлэгийн шийдэлд алтан болон хар бэхийн хослолыг ашигласан. Уран бичлэгт бэхний өнгө, өнгөний зохицол, тэдгээрийн бэлгэдэл маш чухал байр эзэлдэг. Тиймээс нэгэн бүтээлд олон өнгөний уусал, зохицлыг бий болгож, өнгө бүрийн өөрийн гэсэн утга, илэрхийллийг гаргахыг хичээсэн.
Эрдэм мэдлэг гэдэг бол алт шиг үнэт зүйл. Тиймээс хүний олж авсан мэдлэг, боловсрол, оюуны баялаг нь хамгийн үнэ цэнтэй эрдэнэ гэсэн бэлгэдлийг бүтээлдээ шингээхийг зорьсон. Ер нь уран бичээч хүний хувьд хамгийн чухал зүйл бол уламжлалаа сайн мэдэж, эртний тиг бичлэгийн дэг жаягийг баримтлахын зэрэгцээ түүнийг орчин үеийн шинэчлэл, өөрийн уран бүтээлийн сэтгэлгээтэй хослуулан хөгжүүлэх явдал юм. Учир нь уламжлалгүй шинэчлэл гэж үгүй. Өв соёлоо гүнзгий судалж, уламжлалаасаа суралцаж байж л жинхэнэ утга учиртай шинэчлэл бий болно.
Мөн уран бичээч хүн бүтээл туурвихдаа эх сурвалжаа маш сайн судалж, зохиол бүтээлийг зөв, үнэн зөвөөр буулгах ёстой. Үүний зэрэгцээ өв уламжлалаа хүндэтгэн дээдэлж, түүнийгээ шинэ цагийн өнгө төрх, уран сайхны шийдэлтэй хослуулан хөгжүүлэх нь чухал гэж боддог. Тиймээс энэ удаагийн бүтээлдээ уламжлал, шинэчлэл, утга бэлгэдэл, өнгө зохицлыг нэгэн цогц болгон илэрхийлэхийг зорьсон юм.

Багш нарын ангилалд тэргүүн байрт шалгарсан Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Дуламсүрэн: Энэхүү уралдаанд 4 дэх жилдээ оролцож байна. 2017 оноос хойш шавь нараа бэлдэж байна. Энэ жилийн уралдаанд ангиасаа 16 шавиа бэлтгэж оролцуулснаас 3 шавь маань шагналт байрт шалгарлаа. Манай Хүүхдийн урлан бүтээх төвд уран бичлэгийн 3 ангид нийт 400 гаруй хүүхэд хичээллэж байгаа. Дэлхийд өөрийн соёлоо таниулахын тулд хүүхдүүд маань эхлээд өөрсдөө өв соёлоо сайн мэддэг, эзэмшсэн байх хэрэгтэй. Тиймээс миний цаашдын зорилго бол хүүхэд багачууддаа монгол бичиг, уран бичлэгийг зааж сургахын зэрэгцээ монгол хэл, бичиг соёлоо хайрлан хамгаалах, өвлөн уламжлуулах хүсэл эрмэлзлийг нь төлөвшүүлэх явдал юм. Монгол бичиг маань үеийн үед уламжлан, хойч үедээ өвлөгдөн үлдээсэй гэж хүсдэг.
Уран бүтээлчдийн ангилалд тусгай байрт шалгарсан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас оролцогч Булгутова Арюна: Би энэхүү уралдаанд 2023 оноос оролцож байна. Одоогоор ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод амьдардаг. 2023 онд гэр бүлийн хүний хамт “Титэм арт студио”-г байгуулж, хүүхэд, залуучууд болон сонирхсон хүмүүст монгол бичиг, уран бичлэгийн хичээл зааж, сургаж байна.
Сүүлийн жилүүдэд манай Буриадын иргэдийн дунд монгол бичиг, монгол уран бичлэгийг сонирхон суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэж байгаад их баяртай байдаг. Энэ нь монгол бичиг, өв соёл маань хил хязгаар даван түгж, улам олон хүнд хүрч байгаагийн нэг илрэл гэж боддог. Энэ удаагийн уралдаанд би Д.Нацагдоржийн “Мөрөөдөл” шүлгийг сонгон авч, хулсан үзгээр уран бичлэгийн бүтээл болгон туурвилаа. Монгол бичиг бол бидний өв соёл, үнэт өв учраас түүнийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм зорилго юм.














Гэрэл зургуудыг Б.Чадраабал