Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Надиа Рашидыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа болон цаашдын тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2023-2027 онд хэрэгжүүлж буй Улс орны долоодугаар хөтөлбөрийн хүрээнд эх, нярайн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, өсвөр үеийнхний эрүүл мэнд, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бодитой ажил хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн эндэгдлийг 2030 он гэхэд 100 мянган амьд төрөлтөд 15 болгон бууруулах зорилт дэвшүүлснийг онцолж, энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.
Харин НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Надиа Рашид ЭМЯ-наас үзүүлж буй бодлогын дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлээд, тус сангийн мандатын хүрээнд эх, нярайн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, өсвөр үеийнхний эрүүл мэнд, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд Улс орны долоодугаар хөтөлбөр 2027 онд хэрэгжүүлж дуусахтай холбогдуулан цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэж, Улс орны наймдугаар хөтөлбөрийг хамтран боловсруулах талаар тохиролцсон талаар ЭМЯ мэдээлэв.