Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газарт өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж, Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргахаар шийдвэрлэв.
Тус дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 хувь орчим түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гараад буй. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлдсэн. Энэ хэсэгт зэрлэг амьтдын нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Тиймээс уг газарт өвөлжих зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд өртөж болзошгүй байгаа тул биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон байна.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо гарч байжээ.