Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-т тахь нутагшуулах ажлын анхан шатны суурь бэлтгэл, бааз нь байгаль хамгаалагчдын тусламжтай түймэрт өртөөгүй байна.
Судлаачдын дүгнэлтээр тахь нутагшуулах төслийг хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзсэнийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзах үеэрээ онцоллоо.
Талууд тахь нутагшуулах төслийг тогтсон цаг хугацаанд нь хэвийн үргэлжлүүлэх, дархан цаазат газарт онгоц буух зурвас байгуулах, тахь нутагшуулах газрын ойр орчимд түймрээс хамгаалах ажлыг яаралтай хийх нь зүйтэй гэдэгтэй санал нэгджээ.
Энэ үеэр Чех улсаас манай улсын байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцсэн байна. Тухайлбал Нөмрөгийн ДЦГ-т тахь нутагшуулах, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Толь булаг хэмээх газарт хавтгай үржүүлэх, хамгаалах төв байгуулах төсөл, ой, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх тухай ярилцлаа.
“Баавгай ба зэрлэг амьтны судалгаа, хамгаалал, менежментийн чиглэлээр тухайлбал, зэрлэг амьтны тархац нутгийн судалгаа шинжилгээг нарийвчлах, хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, судалгаа шинжилгээ, байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийг сургах хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй”-гээ БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир илэрхийллээ.

Мөн Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалсан, өвөрмөц экосистем бүхий, нэн ховор ургамал, амьтны өлгий нутаг болох Нөмрөгийн ДЦГ-т түймрийн дараах байгалийг сэргээхийг дэмжих, нөхөн сэргээх ажлыг олон улсын шинжлэх ухааны сайн туршлага, аргачлалд тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа дурдав.
Түүнчлэн энэ бүс нутагт өргөн хүрээтэй гал түймэр гаргахаас сэргийлэх чиглэлээр урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаа бүтцийг бэхжүүлэх, түймрийн дараах нөхөн сэргээлт, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоо, техник хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр анхаарахаар болжээ.
Монголд 1992 оноос сэргээн нутагшуулсан зэрлэг адуу буюу тахийн тоо толгой одоогоор мянга даваад байгаа. Тухайлбал, Төв аймгийн Хустайн БЦГ-т 400, Говь-Алтай, Ховд аймгийн Говийн Их ДЦГ-т 400, Завхан аймгийн Хомын талын БЦГ-т 100 гаруй тахь байгаа статистик бий.