Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Зам тээврийн яам хилийн боомтуудын экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, хилийн боомтын ачаалал, тээврийн хэрэгслийн хүлээгдэл саатлыг багасгах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэхийг зорьж байна.
Зам, тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн БНХАУ-ын Бээжин хотноо “Чайна Энержи” группийн Туслах ерөнхий захирал, Монгол Улстай хэрэгжүүлэх эрчим хүчний хамтын ажиллагааны ажлын хэсгийн дарга Кан Фөнвэйтэй уулзаж, энэ талаар ярилцжээ. Уулзалтаар Монгол, Хятадын хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх, нүүрсний экспортын тээвэрлэлтэд үүссэн саатлыг арилгах, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, хамтын ажиллагааны тухай хөндөв. Нүүрс тээвэрлэлтийн саад нь Монголын экспортын орлого, хоёр улсын худалдааны эргэлтэд сөргөөр нөлөөлж буйг онцолж, хүндрэл, бэрхшээл, саатлыг шуурхай шийдэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Гашуунсухайт авто замын боомтоор энэ оны эхнээс өссөн дүнгээр 36.9 сая тонн нүүрс, 1.7 сая тонн зэсийн баяжмал экспортлоод байна. Өнгөрсөн наймдугаар сараас нүүрс тээвэрлэлт эрс багассан нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд энэ онд “Чайна Энержи” группт нийлүүлэхээр тохиролцсон нүүрсний татан авалтад хүндрэл учруулж болзошгүйг сайд Б.Дэлгэрсайхан онцлон тэмдэглэв.
Үүнтэй холбогдуулан “Чайна Энержи” группээс Монголын талын хил дээр хуримтлагдсан нүүрс тээврийн чингэлгийг шуурхай татан авах, нөхцөл байдлыг БНХАУ-ын эрх бүхий байгууллагад уламжлах, орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж тээвэрлэлтийн хүндрэлийг шийдэхэд анхаарахаа илэрхийлснийг ЗТЯ мэдээллээ.
Талууд Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцыг ч хэлэлцэж, хоёр улсын төр засгийн дэмжлэг, холбогдох байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд төслийн хэрэгжилт эрчимжиж, ахиц гарч буйг онцоллоо. Төмөр замыг ашиглалтад оруулснаар хоёр улсын экспорт, импортын тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой шинэ гарц бий болох юм.
Хил дамнасан төмөр замын тээврийг зохион байгуулахдаа Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд “Чайна Энержи” группт нийлүүлэх нүүрснээс гадна бусад худалдан авагч, аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн боломжийг хангах, урт хугацааны гэрээ, биржийн арилжааны тэнцвэртэй харилцааг хадгалах шаардлагатайг харилцан хүлээн зөвшөөрөв. Төмөр замын төлөвлөсөн хүчин чадалтай уялдуулан хилийн боомт, уурхайн бүсийн ачилт, буулгалт, шилжүүлэн ачилтын байгууламжийн төлөвлөлт, бүтээн байгуулалтыг талууд эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Мөн “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, уурхайн хүчин чадлыг нэмэх хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, тээвэрлэлтийн асуудлаар ажлын хэсгийн уулзалт, хурлыг тухай бүр зохион байгуулж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдэхэд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгджээ.