Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын соёл, урлаг, спортын томоохон төв болох “CuMo Arena” цогцолборын нээлт өчигдөр боллоо.
Нээлтийн ёслолын үеэр Эрдэнэтийн-Овоо ордыг нээсэн үе үеийн геологичид, уурхайчдын хөдөлмөр, гавьяаг мөнхжүүлсэн хөшөөг цогцолборын А хаалганы дэргэд байрлуулжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчдын хөдөлмөр, бүтээн байгуулалтын үр шимээр боссон тус цогцолбор нь Эрдэнэт хот төдийгүй хойд бүсийн соёл, урлаг, спортын томоохон төв болон хөгжих зорилготой юм.
Нээлтийн ёслолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Геологи-минералогийн ухааны доктор Г.Ёндон нээж хэлсэн үгэндээ, үйлдвэрийн бүтээсэн үнэ цэн зөвхөн үйлдвэрлэлийн амжилтаар хэмжигдэхгүй, хотын хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралд чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар үргэлжилж байгааг онцоллоо.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагын хүрээнд соёл, урлаг, спорт, боловсрол, эрүүл мэндийн салбарт тогтвортой хөрөнгө оруулж ирснийг дурдаад, 2025 онд “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хавдар судлалын үндэсний төвийн харьяа Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хүлээлгэн өгсөн. Харин өнөөдөр “CuMo Arena” цогцолбор үүдээ нээснээр соёл, урлагийн салбарын хөгжилд шинэ боломж бүрдэж байгааг тэмдэглэв.
Орчин үеийн шийдэл, дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “CuMo Arena” нь цирк, урлагийн тоглолт, үзэсгэлэн, яармаг, спортын олон төрлийн тэмцээн, уралдаан зохион байгуулах зориулалттай. Иймд Эрдэнэт хот, хойд бүсийн иргэдэд төдийгүй улсын хэмжээнд соёл, урлаг, спортын үйлчилгээг хүргэх боломжтой юм.
Хөшөөний хувьд 2021 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын музейг байгуулах үеэр Эрдэнэтийн-Овоо ордыг нээсэн Чехословак, Монголын геологичдын гавьяаг мөнхжүүлэх зорилгоор бүтээжээ. Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, зураач Д.Батбилэгийн урласан уг хөшөөг ийнхүү “CuMo Arena” цогцолборын үүдэнд байрлуулсан байна.
Эрдэнэтийн-Овоо ордыг нээн илрүүлж, Монгол Улсын уул уурхайн хөгжлийн эхлэлийг тавьсан геологичдын хөдөлмөр, өнөөдөр бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй уурхайчдын зүтгэлийг ийнхүү нэг дор хүндэтгэн мөнхжүүллээ.
“CuMo Arena” цогцолборын нээлтийн хөтөлбөр 14 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд долоон төрлийн нийт 12 тоглолт үзэгчдэд хүргэнэ. Нээлтийн эхний өдөр дэлхийн циркийн “Bravo” тоглолт боллоо
Цогцолбор ашиглалтад орсноор Эрдэнэт хотын иргэд, хүүхэд залуус, уран бүтээлчид, тамирчид соёл, урлаг, спортын олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна. Энэ нь хотын соёл, урлаг, спортын дэд бүтцийг өргөжүүлэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулсан уурхайчдын хөдөлмөр, гавьяаг хойч үедээ таниулах ач холбогдолтой юм гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

