Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Орхон аймагт телекамерын хяналтын системийг хиймэл оюун ухаанд суурилан боловсронгуй болгох, мэдээллийн аюулгүй байдал, техникийн хүчин чадлыг сайжруулах шаардлагатай байгааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд онцоллоо.
Тус зөвлөлийн гишүүд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Телекамерын хяналтын дэд төвд ажиллаж, камерын системийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, цаашид хиймэл оюун ухаан /AI/ нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр камерын хяналтын хамрах хүрээ, техникийн хүчин чадал, мэдээлэл дамжуулах, хадгалах нөхцөл, камерын байршил, хяналтын үр дүнгийн талаар мэдээлэл авч, системийг сайжруулахад шаардлагатай ажлуудыг хэлэлцжээ.
Зөвлөлийн гишүүд камерын хяналтын системийн өнөөгийн нөхцөлд үнэлгээ хийж, техникийн шинэчлэл, хиймэл оюун ухаан нэвтрүүлэх боломж, хөрөнгө оруулалт болон холбогдох байгууллагуудын уялдаа холбоог нарийвчлан судлах шаардлагатайг онцоллоо. Мөн системийн нэгдсэн удирдлага, найдвартай ажиллагаа, дүрс бичлэг хадгалах багтаамж, мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөцийн бэлтгэлийг сайжруулахад анхаарах хэрэгтэйг тэмдэглэв.
Орхон аймаг 2026 оны хөрөнгө оруулалтаар Дата төв ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төвийн хэвийн ажиллагааг хангах мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх шаардлага тулгарч байна.
Дата төвийг ашиглалтад оруулснаар хог хаягдлын менежмент, нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэхээс гадна сул авто зогсоол, замын ачаалал, хаалттай замын талаарх мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдэх юм.
Хиймэл оюуныг камерын хяналтын системд нэвтрүүлснээр дүрс бичлэгийг зөвхөн хүн ажиглахаас гадна сэжигтэй үйлдэл, хөдөлгөөнийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжтой болно.
Тиймээс камерын тоог нэмэгдүүлэхээс илүүтэй одоо ашиглаж буй системийн техникийн шийдэл, хүний нөөц, мэдээлэл боловсруулах боломжийг сайжруулж, нэвтрүүлсэн технологийн ашиглалтыг тогтмол боловсронгуй болгох шаардлагатайг зөвлөлийн гишүүд онцоллоо.