Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркийн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулжээ. Сонгон шалгаруулалтад БНХАУ-ын “China Nonferrous Metal Industry’s Foreign Engineering and Construction” компани шалгарсан байна.
Уг төсөл нь Монгол Улсад зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах, уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтыг ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Түүнчлэн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн нэг юм.
Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах материалыг олон улсын нээлттэй цахим хуудсанд байршуулж, зэс, металлургийн салбарт тэргүүлэгч 20 гаруй улсын 55 компанид мэдээлэл хүргүүлжээ. Үүний дагуу долоон улсын 13 компани төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах санал ирүүлсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар байгуулсан ажлын баг саналуудыг ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх болон бусад шалгуур үзүүлэлтээр үнэлж, дээрх компанийг сонгосон байна.
Ерөнхий сайдын 2026 оны 136 дугаар захирамж болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2026 оны 58 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд хөрөнгө оруулагч компанитай хэлэлцээ хийж, гэрээний нөхцөлийг тохирч байна. Гэрээний эцсийн хувилбарыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэхээс гадна дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Мөн уул уурхайн салбарын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг ахиулж, хүнд үйлдвэрийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм.
Төслийн багийнхан катодын зэсийг зөвхөн экспортлоод зогсохгүй, дотооддоо боловсруулж, кабель утас, зэс нунтаг, хоолой зэрэг өндөр технологи шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна. Мөн эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түшиглэн бусад үйлдвэрийг кластер хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримталж байгаа талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
