Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

АТЛАНТА, 2026 оны арваннэгдүгээр сарын 1 /Reuters/. Бямба гарагт АНУ, Австрали, Энэтхэг, Японы Гадаад хэргийн сайд нар дэлхий даяар нийлүүлэлтийн найдвартай сүлжээг бий болгохын төлөө хамтран ажиллахаа илэрхийлж, экспортод дур мэдэн хязгаарлалт тогтоох, зах зээлийн зарчимд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах замаар эдийн засгийн шахалт үзүүлж буйд ихээхэн санаа зовниж байгаагаа мэдэгдсэн хэдий ч Хятадыг нэр цохон буруутгасангүй.
Япон улс чухал ашигт малтмалын экспортод Хятадын тал хязгаарлалт тогтоосныг ихээхэн шүүмжилж буй үед, түүнчлэн АНУ газрын ховор элемент болон бусад стратегийн ач холбогдолтой түүхий эдийн зах зээлд Хятад улс ноёрхож байгаад санаа зовниж буй "Хорийн бүлэг"-ийн (G20) гишүүн орнуудыг нэгтгэхээр эвсэл байгуулж буй үед "Quad" буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-нд оролцогч орнуудын (АНУ, Австрали, Энэтхэг, Япон) Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Уг уулзалт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Атланта хотноо "Хорийн бүлэг"-ийн (үүнд Хятад улс багтдаг) Гадаад хэргийн сайд нарын уулзалтын төгсгөлийн хурлыг зохион байгуулахаас өмнөхөн болжээ.
"Quad"-ын сайд нар Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг "чөлөөтэй, нээлттэй байлгах" байр сууриа дахин нотолж, дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангахад эдийн засгийн аюулгүй байдал, түүний дотор найдвартай, нээлттэй нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлэх нь чухал болохыг онцолсон байна.
"Экспортод дур мэдэн хязгаарлалт тогтоох, мөн чухал салбаруудын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж болзошгүй хэт их үйлдвэрлэлд хүргэдэг зах зээлийн зарчимд нийцэхгүй бодлого, үйл ажиллагаа явуулах замаар эдийн засгийн шахалт үзүүлж байгаад сайд нар гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлэв" гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн Ормузын хоолой, Улаан тэнгис болон Баб-эль-Мандебийн хоолойгоор чөлөөтэй зорчих эрхийг хамгаалж, хэвээр хадгалах нь нэн чухал болохыг сайд нар онцолсон байна.
Мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хиймэл оюуны найдвартай технологийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 85 сая гаруй ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ. Үүнээс гадна хагас дамжуулагч болон түүнтэй холбоотой нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсэхээс өмнө эрсдэлийг илрүүлэх шинэ санаачилга эхлүүлэхээр тохиролцсон байна.
"Quad"-ын Гадаад хэргийн сайд нар энэ онд гурав дахь удаагаа уулзсан нь энэ юм. Ирэх сард Манила хотноо болох Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрвөн улсын удирдагчдын албан ёсны уулзалтад анх удаа оролцохоор төлөвлөж байна.
Марко Рубио Манила хотод болох "Quad"-ын удирдагчдын уулзалтын товыг тун удахгүй зарлана гэж найдаж байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Тэрбээр "Quad" нь Хятад эсвэл өөр аль нэг улсын эсрэг чиглэсэн эвсэл биш гэдгийг онцлоод, хамтарсан мэдэгдэлд дурдсан асуудлууд нь “нэг улсаас удаа дараа гарч буй” үйлдэл, бодлоготой холбоотой гэж мэдэгджээ.