Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал УИХ-ын даргын ивээл дор Төрийн ордонд өнөөдөр боллоо.
УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон Хархорум
хотын Зөвлөл хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын дарга С.Бямбацогт нээж үг хэлсэн юм. “Найман зууны тэртээ
өвөг дээдэс маань Их Хуралдайгаа хуралдуулж, төрийн хэргийг зөвшин хэлэлцдэг
байсан бол өнөөдөр бид парламентын танхимд тэрхүү төрийн ухааны өвийг эргэн
дурсаж, ардчилал, зөвшилцөл, хууль дээдлэх ёсны үнэт зүйлстэй холбон хэлэлцэж
байна” хэмээн УИХ-ын дарга онцлов.
Тэрбээр, Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог гэж би боддог. Тиймээс “Иргэдээ сонсдог парламент бол хамгийн ардчилсан парламент” гэсэн зарчимд тулгуурлан УИХ-ын үйл ажиллагааг бүрэн утгаар нь нээлттэй болгож, урьд өмнө эрж сурж байж олдог байсан мэдээлэл, баримтуудтай нэг товчлуур дарах төдийд танилцах боломжтой болоод байна. Түүнчлэн “Улсын Их Хурал таныг сонсож байна” цахим платформ ажиллуулж иргэдийнхээ дуу хоолойг цаг хугацаа алдахгүй парламентад хүргэх боломжийг нээлээ. Энэ бол найман зууны тэртээ Их Монгол Улсын төрийн хэргийг ганцаар шийдэх бус, хамтаар зөвшин хэлэлцдэг байсан төрт ёсны уламжлал өнөө цагт үнэт зүйл болон үргэлжилж буйн илэрхийлэл юм гэлээ.
Түүнчлэн УИХ-ын дарга С.Бямбацогт, Төрийн жинхэнэ хүч эрх мэдлийн сүрд бус, хууль цаазыг дээдлэн сахих ёсонд оршдог. Энэ бол Их Засаг хуулийн найман зууныг дамжин өнөөг хүрсэн төрт ёсны үнэт сургамж юм. Найман зууны тэртээх хууль цаазыг эрхэмлэх төрийн уламжлал өнөөдөр Үндсэн хуульд туссан хууль дээдлэх ёсны зарчимтай үнэт зүйлээрээ холбогдож байна. Хуулиас дээгүүр хэн ч байх ёсгүй, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь бидний Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхэм зарчим юм. Тиймээс хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж сахиж мөрдөх, амьдралд хэрэгжүүлэхэд хуулийн мөн чанар орших ёстой хэмээн тэмдэглэв.
Их Засаг хуулийн түүхэн үнэ цэн зөвхөн батлагдсандаа бус, хэрэгжсэндээ оршиж байгаагийн адил өнөөгийн парламентын ажлын үнэ цэн нь баталсан хуулийн иргэдийн амьдралд авчирсан бодит өөрчлөлт, үр дүн байх учиртайг тэрбээр тодотгоод, энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Их Засаг хуулийн түүхэн өвийг эх сурвалжид тулгуурлан судалж, дэлхий дахинд таниулахын зэрэгцээ судалгааны үр дүнг өнөөгийн төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаанд тусгаж, өвөг дээдсийнхээ төрт ёсны ухааныг зөвхөн түүхийн хуудаснаа бус, төрийн түшээ бүрийн ухамсар, үйл хэрэгт шингээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, Хархорум хотын
Зөвлөлийн дарга Н.Энхбаяр ““Дэг журам” ба хууль: Pax Mongolica, Их Засаг,
Хархорум” илтгэлдээ "Их
Засаг"-ийн тухай бид баримтаар юу мэддэг вэ, Эх бичвэр нь үлдээгүй хуулийг
яагаад Үндсэн хуультай адилтган үзэж болох вэ, Энэ хууль Их хуралдай,
Хархорум, Pax Mongolicaтай ямар холбоотой байсан бэ гэсэн асуудлыг хөндсөн юм. Илтгэгч Н.Энхбаяр,
Чингис хаан 1204 онд, дараа нь 1206 онд нийгмийг аравтын тогтолцоогоор зохион байгуулж, овог аймгаасаа илүү төрд үнэнч байхыг шаардсан шийдвэрүүдийг гаргасан.
“Нууц товчоо”-ны 203 дугаар зүйлд өгүүлснээр Чингис хаан Шихихутагийг Их заргачаар томилж, шийдвэрлэсэн зарга болон улс ба иргэний хуваарийг Хөх дэвтэрт бичүүлэн, "Хойч үед хэн ч бүү өөрчил" хэмээн зарлигласан. Энэ бол монгол бичмэл эрх зүйн хамгийн эртний, хамгийн найдвартай баримт юм. “Их Засаг” нэг өдөр батлагдаад хөшиж царцсангүй, харин хаан бүрийн өргөмжлөлөөр дахин дахин баталгаажиж байв хэмээн илтгэлдээ тэмдэглэв.
Тэрбээр илтгэлдээ “Их Засаг”-ийн хөгжлийн үе шатууд, “Их Засаг”-ийн тухай мэдээний баримтын зэрэглэлийн талаар танилцуулж, Их Британи, Израиль ба “Их Засаг”-ийн бүтэц, Хуралдай ба Хархорум: хуулийн орон зайн талаар өгүүлсэн. Түүнчлэн “Их Засаг” бол ганц бичиг баримт биш. Энэ нь Их Британи, Израилийн Үндсэн хуулийн нэгэн адил бичмэл акт, шүүхийн шийдвэр, бичигдээгүй уламжлалаас бүрдсэн, цаг хугацааны явцад хөгжиж байсан Үндсэн хуулийн цогц хэмээгээд, Их хуралдай нь хууль тогтоох эрх бүхий байгууллага, Хархорум нь уг хуулийг хэрэгжүүлэх төв, Pax Mongolica нь тив дамнасан зохицуулалт байжээ хэмээн дүгнэсэн.
Эцэст нь ойрын ирээдүйд "Их Засаг" хууль, түүний тухай бүх мэдээ, зарлиг, ярлигийг тухайн эх хэлээр нь цуглуулж, гол судалгааны хамт монгол хэлнээ орчуулан, A–D зэрэглэлээр ангилах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Их Монгол Улсын өвийг цогцоор нь судлах нь агуу түүхийг бүтээсэн өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх хамгийн дээд хэлбэр мөн бөгөөд энэхүү их үйл хэргийн хүрээнд Их эзэнт гүрний Үндсэн хууль, түүний залгамж улсуудад мөрдөгдөн хэрэгжиж байсан Их Засаг хуулийг цогцоор нь судлах нь зайлшгүй хийх ёстой ажил мөн хэмээн үзэж байна гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
БАЯНХОНГОР
БАЯНХОНГОР: "Эрх тэгш" сэдэвт сургалт, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Видео мэдээнүүд
АРХАНГАЙ: Хангайн бүсийн төрийн албан хаагчийн уулзалт нь онол, практик хосолсноороо онцлогтой