Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай сумын иргэн С.Магвандорж найман жилийн өмнө Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан арьс шир боловсруулах цехийн үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Тэрбээр өдгөө “Булган сор хишиг” ХХК-ийн захирлаар ажиллаж, малын гаралтай түүхий эдийг боловсруулан, Улаанбаатар хот болон Увс аймгийн гутал үйлдвэрлэгчдэд нийлүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь малын гаралтай түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, боловсруулах үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх зорилготой.
Энэ хүрээнд арьс ширний түүхий эдийг чанарын шаардлагад нийцүүлэн бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал чухал байр суурь эзэлж байна. Завхан аймаг сумдад нэхий, арьс шир боловсруулах тоног төхөөрөмж нийлүүлж, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг дэмжиж байгаагийн нэг нь “Булган сор хишиг” ХХК-ийн цех юм.

Энэ талаар “Булган сор хишиг” ХХК-ийн захирал С.Магвандоржтой ярилцлаа.
-Үйлдвэрлэлээ хэрхэн эхлүүлж байсан бэ?
-Би анх Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл авч, арьс шир боловсруулах цехээ байгуулсан. Түүнээс хойш найман жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
-Түүхий эдээ хаанаас, ямар үнээр авдаг вэ? Өдөрт хэдэн ширхэг арьс боловсруулах хүчин чадалтай вэ?
-Бид арьс ширээ зах зээлийн тухайн үеийн үнээр худалдан авдаг. Одоогоор үхрийн ширийг 10 мянган төгрөгөөр, хонины нэхийг 1500 төгрөгөөр авч байна. Бусад төрлийн арьсны үнэ ч зах зээлийн ханшаас хамаардаг.
Манай цех өдөрт 50 хонины нэхий, 250 хурганы арьс боловсруулах хүчин чадалтай. Харин үхрийн шир өдөрт 10-ыг боловсруулдаг. Байнгын ажилтны тоо цөөн учраас ажлын ачаалал нэмэгдэх үед хоёроос гурван цагийн ажилтан нэмж авдаг.
-Боловсруулсан арьсаа хаана борлуулдаг вэ?
-Борлуулалт боломжийн байдаг. Хонины нэхийг олноор нь боловсруулсан тохиолдолд гутал үйлдвэрлэгчдэд бөөнөөр нь нийлүүлдэг. Одоогоор Улаанбаатар хот болон Увс аймгийн хоёр гутлын үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мөн иргэд өөрсдийн арьсаа авчирч, захиалгаар элдүүлэх боломжтой. Хурганы арьсыг 10 мянга, хонины нэхийг 30 мянган төгрөгөөр элдэж өгдөг бол үхрийн ширийг 200 мянган төгрөгөөс дээш үнээр боловсруулдаг.
-Түүхий эдээ сонгохдоо юуг анхаардаг вэ?
-Арьс ширийг боловсруулахдаа түүхий эдийн чанар, стандартын шаардлага хангасан эсэхийг анхаардаг. Малын өвчлөл, арьсны гэмтэл, эсгэлт болон шинэ байдлыг нь шалгаж авна. Арьс гэмтсэн, илжирч муудсан бол боловсруулах явцад хорогдол гарч, эцсийн бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлдөг.
Тиймээс малчид, иргэдэд арьсаа өвчихдөө аль болох гэмтээхгүй байх, уламжлалт арга ажиллагааг зөв мөрдөхийг зөвлөдөг. Гэмтэл багатай, чанартай арьс боловсруулахад бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, чанар нь ч сайжирдаг.
Танай цехийн технологийн онцлог юу вэ?
-Арьс боловсруулахад идээлэх ажиллагаа чухал үүрэгтэй. Манай цех химийн бодисыг нэг удаа хэрэглээд асгах бус, дахин ашиглах боломжтой технологи нэвтрүүлсэн. Ингэснээр химийн бодисын зарцуулалтыг бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах давуу талтай. Мөн уламжлалт аргаар боловсруулахтай харьцуулахад арьс ширийг богино хугацаанд боловсруулах боломжтой.

Арьс ширийг орон нутагтаа боловсруулах нь ямар ач холбогдолтой вэ?
-Малын арьс шир бол мал аж ахуйн чухал ашиг шимийн нэг. Арьсаа гэмтээхгүй бэлтгэж, чанартай боловсруулбал хаягдал болгохгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Түүхий эдийг шууд борлуулахын оронд боловсруулж, гутал болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигласнаар үнэ цэнийг нь нэмэгдүүлж байна. Орон нутагт арьс шир боловсруулах үйлдвэр ажилласнаар малчид, иргэд түүхий эдээ борлуулах, захиалгаар боловсруулах үйлчилгээ авах боломжтой. Мөн үйлдвэрлэлийн ачаалал нэмэгдэх үед түр ажлын байр бий болдог. Ийм үйлдвэр нь орон нутгийн түүхий эдийг бүрэн ашиглах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Цаашид үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд юуг чухалчилж байна вэ?
-Арьс ширээ чанарын шаардлагад нийцүүлэн боловсруулж, зах зээлд нийлүүлэхийг чухалчилж байна. Үүний тулд түүхий эдээ зөв сонгож, боловсруулах үеийн хорогдлыг багасган, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Малын гаралтай түүхий эдийг орон нутагтаа боловсруулж, үйлдвэрлэлд ашигласнаар малчдын орлогыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих сайн талтай.
Манай аймаг мал аж ахуйн арвин нөөцтэй. Тиймээс түүхий эд бэлтгэл, чанарын хяналт, боловсруулах хүчин чадлыг уялдуулан хөгжүүлж чадвал арьс ширний ашиг шимийг нэмэгдүүлэх боломжтой. Гэвч одоогоор аймагт арьс ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уламжлалт аргаар арьс элдэж боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр, өрхийн цех цөөн бөгөөд ихэвчлэн улирлын чанартай ажиллаж байна.