Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн банкны салбарын зээлийн үлдэгдэл 2026 оны эхний гурван улирлын байдлаар 793.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 74.4 тэрбум төгрөг буюу 10.3 хувиар өсжээ.
Нийт зээлийн үлдэгдлийн 1.9 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Энэ нь аймгийн хэмжээнд олгосон зээлийн эргэн төлөлт, чанарт анхаарах шаардлагатайг харуулж буй үзүүлэлт юм.
Банкны салбар дахь харилцах дансны үлдэгдэл 132.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 25.1 тэрбум төгрөг буюу 23.4 хувиар өссөн байна. Харин иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 254.7 тэрбум төгрөг болж, 22.5 тэрбум төгрөг буюу 9.7 хувиар нэмэгджээ. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжийн банк дахь мөнгөн хөрөнгийн үлдэгдэл өссөнийг илтгэж байна.
Харилцагчдын тоон үзүүлэлтээр авч үзвэл, аймгийн банкны салбар нэгжүүдэд харилцах данс 233,587, хадгаламжийн данс 91,206, зээлийн данс 63,410 бүртгэгджээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад харилцах дансны тоо 23,970 буюу 11.4 хувиар, хадгаламжийн дансны тоо 1,662 буюу 1.9 хувиар, зээлийн дансны тоо 3,351 буюу 5 хувиар тус тус өссөн байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд арилжааны банкны нийт 61 салбар нэгж үйл ажиллагаа явуулж, 345 ажилтан ажиллаж байна.
Банкны зээл, харилцах болон хадгаламжийн үлдэгдлийн өсөлт нь аймгийн санхүүгийн үйлчилгээний эрэлт, мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг илэрхийлэх чухал үзүүлэлт юм. Цаашид зээлийн чанарыг хадгалах, иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нь банкны салбарын тогтвортой үйл ажиллагаанд чухал ач нөлөөтэй юм.