Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг олон улсын сайн туршлага, дэвшилтэт арга барилтай уялдуулах зорилтын хүрээнд Япон Улсын Ишикава мужийн Хакусан хоттой хамтын ажиллагааны эхлэлийг тавихаар санал солилцож, харилцан ойлголцолд хүрчээ.
Хакусан хот нь байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр туршлага хуримтлуулсан орон нутаг юм. Иймээс хоёр талын хамтын ажиллагааг гамшгийн эрсдэлийн менежмент, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, орон нутгийн иргэдийн мэдлэг, бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Мандал сум болон Хакусан хотын хувьд байгалийн баялаг, ой бүхий өргөн уудам нутаг дэвсгэртэй, хөдөө аж ахуй нь орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргааны чухал хэсгийг бүрдүүлдэг зэрэг ижил төстэй зүйл их юм.
Түүнчлэн ойн түймэр, үер зэрэг байгалийн эрсдэлтэй тулгардаг учраас гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр харилцан туршлага судлах хэрэгцээ, боломж бий хэмээн талууд үзэж байна.
Цаашид хоёр тал боловсрол, сургалт, мэргэжилтэн болон хүний нөөцийн солилцоог хөгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан сургалт, туршлага судлах ажлыг үе шаттай зохион байгуулах талаар санал солилцсон байна. Энэ нь орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхээс гадна иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мандал сум гадаад харилцаагаа зөвхөн харилцан айлчлал, уулзалтаар хязгаарлахгүй, орон нутгийн бодит хэрэгцээ, хөгжлийн зорилтод нийцсэн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа аж.